“Эрдэнэс Оюутолгой”-н захирал Э.Ганхүүг АТГ-ынхан шалгаж дуусжээ
“Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад, яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхээр гэм буруутай, эсэхийг нь шийдвэрлүүлэх саналаа илэрхийлэн Нийслэлийн прокурорын газарт хэргийг нь хүргүүлжээ. Түүнийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 9-нд эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж, ажлын байранд нь нэгжлэг хийсний дараа хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд прокурорын зөвшөөрлөөр 48 цагийн хугацаатай албадан саатуулсан билээ.
Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр түүнийг эрх мэдлээ урвуулж бусдад давуу байдал олгон, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн оффисын байрыг түрээсэлсэн гэж буруутгасан талаар тухайн үед эх сурвалжууд мэдээлж байв. Тэгвэл өчигдөр АТГ-аас өнгөрсөн долоо хоногийн тойм мэдээллээ гаргахдаа уг албан тушаалтныг барилга, байгууламж худалдан авах ажиллагааг зохион байгуулах ажлын явцад тендерийн баримт бичиг дэх техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй аж ахуйн нэгжид барилгын талбайг хүлээн аваагүй, хүлээлцсэн баримт үйлдээгүй, гэрээний нөхцөл хангагдаагүй байхад 6.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, эрх мэдлээ урвуулан бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссанаа тодотгосон юм.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 982 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 14 хэргийг шүүхэд шилжүүлэхээр болж прокурорын байгууллагад хүргүүлсний нэг нь “Эрдэнэс Оюутолгой”-н захирал асан дээрх хүнтэй холбоотой.
Үүнээс гадна албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, бусдаас газар болон мөнгө хахуульд авсан, өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс албан тушаалтанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэнд арга хэмжээ авалгүй давуу байдал бий болгосон, үнэлгээний хороо хуралдаагүй байхад дур мэдэн шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгосон зэрэг хэргийг шалгаж дуусан прокурорын байгууллагад хүргүүлжээ.
Мөн, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн зургаан мэдэгдлийг холбогдох байгууллагад хүргүүлж, хэрэг бүртгэлтийн хоёр хэргийн дөрвөн объектод нэгжлэг хийн, нэг хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, долоон хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэнэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.