🔴Х.Баттулга: АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгосноор иргэд баялагтаа эзэн байх боломжоо алдсан

AI хөрвүүлсэн

УИХ-ын гишүүн Х.Баттулга цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн Х.Баттулга:

-Уул уурхайн баялгаас ард түмэн хувь хүртэж чадахгүй байгаа асуудал нь сүүлийн 17-18 жилийн турш үргэлжилж байгаа. Үүний гол буруутан болсон төлөөллүүд Ардчилсан намд буцаж орж ирсэн. Оюутолгой, Тавантолгой, Ухаа худаг зэрэг томоохон ордуудын асуудал шийдэгдээгүй байхад энэ хүмүүс намд нөлөөгөө тогтоовол ард түмэн дахин 10-15 жил байгалийн баялгаасаа ашиг хүртэж чадахгүй нөхцөл байдал үүснэ. Намайг Хөвсгөл, Булган, Орхон аймгуудад ажиллах үеэр иргэд, намын гишүүд энэ асуудалд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байсан. 

Байгалийн баялгийг гурван сая ард түмэнд тэгш хүртээх үү, эсвэл цөөн хэдэн гэр бүлийн мэдэлд үлдээх үү гэдэг дээр ямар ч улс төрийн тохироо байх боломжгүй. Энэ талаар гарч буй мэдээллүүд нь ор үндэслэлгүй, зохиомол зүйл. Тодорхой хүмүүстэй тохиролцсон гэх асуудал нь худлаа. 

Ардчилсан намын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах үйл явцад хуучин хэрэглэж байсан "сунгаа"-ны аргыг дэмжиж байгаа. 50-аас дээш насны бүх нэр дэвшигчдийг 21 аймаг, есөн дүүргээр тойруулж, 200 мянга орчим жирийн гишүүдийнхээ саналаар тодруулах нь зүйтэй. Харин шинэ дүрмээр Үндэсний бодлогын хорооны 300 гаруйхан хүнээр намын бодлогыг шийдвэрлүүлэхийг эсэргүүцэж байгаа. Жирийн гишүүдийн дэмжлэгийг авсан хүн л сонгуульд ялалт байгуулах эхний алхам болно.

Ардчилсан нам өнөөдрийг хүртэл өөрийн гэсэн байргүй байгаа асуудал нь тус намын үе үеийн дарга нарын хариуцлагатай шууд холбоотой. МоАХ-ны хувьд өөрийн гэсэн байртай. Намын байрны асуудалд өмнөх удирдлагууд анхаарал хандуулаагүй орхигдуулсан.

Төмөр замын бодлого 2010 онд УИХ-аар батлагдсан хэдий ч тухайн үеийн С.Батболдын Засгийн газар хөрөнгө мөнгийг нь шийдэж өгөөгүйгээс болж ажил зогссон. Санхүүжилт нь шийдэгдсэн үед буюу цар тахлын хүнд үед Монголчууд өөрсдөө 1000 орчим километр төмөр замыг нэг жил найман сарын дотор барьж ашиглалтад оруулсан нь үүнийг баталж байна.

Ерөнхийлөгчийг нэг удаа сонгох хуулийн зохицуулалттай холбоотойгоор Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүссэн асуудал нь Үндсэн хууль болон Ерөнхийлөгчийн тухай хууль хоорондын зөрчлийг арилгах үйл явц байсан. Үндсэн хуульд Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа сонгоно гэж заасан байхад Ерөнхийлөгчийн тухай хуульд дөрвөн жилээр хоёр удаа сонгогдож болохоор байсныг нэгтгэж, нэг удаагийн бүрэн эрхтэй болгох шийдвэр гарсан гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.