🔴М.Нарантуяа-Нара: Миний өргөн барьсан хууль Үндсэн хуулийг илүү бэхжүүлж өгнө

AI хөрвүүлсэн

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара өөрийн санаачлан боловсруулсан "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай" хуулийн төслийн онцлог, давуу талын талаар мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара:

-Хуулийн төслийн нэршил нь бусад ижил төрлийн хуулийн төслүүдтэй адил боловч дотоод агуулга, мөн чанараараа тэс өөр. Миний өргөн барьсан хуулийн төсөл нь Үндсэн хуулийн үзэл санааг илүүтэй баталгаажуулж, цар хүрээгээ тэлснээрээ онцлог. Нийгэм, эдийн засагт үзүүлэх үр өгөөж нь харьцангуй өндөр байх боломжтой.

Өнөөдрийг хүртэл УИХ-ын тухай хуульд гишүүнийг эгүүлэн татах тухай зарим зүйл заалт байдаг ч бодит байдал дээр хэрэгжиж, хэн нэгэн гишүүнийг эгүүлэн татаж байсан тохиолдол байхгүй. Энэ нь Үндсэн хуулийг хэрхэн хэрэгжүүлэхтэй холбоотой зарим зүйл заалт нь хүчин төгөлдөр бус, хэрэгжих боломжгүй байсантай холбоотой. Харин шинээр өргөн барьсан хуулийн төсөл нь энэхүү хийдлийг арилгаж, эгүүлэн татах харилцааг Үндсэн хуулиар илүү их бэхжүүлж өгнө. 

Хуулийн төслийг өргөн барьснаас хойш УИХ-аар найман шатны хэлэлцүүлэг явагдана. Энэ шатанд хуулиа хамгаалах нь хамгийн чухал ажил. Би мэргэжлийн хуульч биш ч манай ажлын хэсэг, баг бүрэлдэхүүнд маш олон чадварлаг хуульчид ажиллаж, хуулийн төслийг чамбай боловсруулсан. Цаашид ч хуулиа хамгаалах тал дээр нягт нямбай ажиллана.

Хуулийн төслийг хэлэлцэх явцад УИХ-ын даргатай уулзаж, санал солилцсон. УИХ-ын даргын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хууль, ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн Б.Батбаатарын санаачилсан хууль, миний өргөн барьсан хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцүүлж, дундын ажлын хэсэг байгуулан зохион байгуулалттайгаар явах нь зүйтэй гэсэн чиглэл өгсөн. 

Иргэдийн зүгээс хуулийн төслүүдийн нэршлийг хараад Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг өргөн барилаа гэж андуурах тохиолдол гарч байгаа. Эдгээр хуулийн төслүүдийн ялгаа, эрсдэл, яагаад энэ хуулийг батлах нь зүйтэй вэ гэдгийг олон нийтэд маш сайн тайлбарлан таниулах шаардлагатай учраас би өөрийн цахим хуудас болон бусад мэдээллийн сувгуудаар дамжуулан иргэдэд цувралаар, энгийн ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэж ажиллана. 

Миний санаачилсан хуулийн төслийн гол үзэл санаа нь УИХ-ын гишүүнийг ёс зүйгээр далайлган сүрдүүлэх, иргэдийн дуу хоолой болох үйл хэрэгт нь чөдөр тушаа, дарамт болох аливаа зохицуулалтыг оруулаагүйгээрээ онцлог. Харин иргэд, сонгогчид өөрсдөө сонгосон гишүүнээ эгүүлэн татах, Үндсэн хуулийн цэцэд хандах эрх зүйн хүрээ хязгаарыг маш сайн тэлж өгсөн.

Ингэснээр иргэдэд эгүүлэн татах боломж нээлттэй болно. Мөн УИХ-ын гишүүдийн хууль дээдлэх зарчим, ёс зүйтэй байх хариуцлага аяндаа нэмэгдэх суурь нөхцөл бүрдэнэ гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.