🔴Татвар төлөгчдийн ачааллыг 2.2 их наяд төгрөгөөр бууруулах тооцоолол гаргажээ
МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Татварын багц хуулийн төслийг хэлэлцэж, татвар төлөгчдийн ачааллыг 2.2 их наяд төгрөгөөр бууруулах тооцоолол гаргасныг онцоллоо.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг шаталсан бүтцээр зохицуулахаар тусгасан бөгөөд зургаан тэрбум төгрөг хүртэлх орлогод 10 хувь, 6-10 тэрбум төгрөгийн орлогод 15 хувь, 10 тэрбумаас дээш орлогод 25 хувиар татвар ногдуулах юм. Ингэхдээ орлого нь ижил бол ижил татвар төлдөг зарчмыг баримталж, 11 тэрбумын орлоготой байлаа гэхэд эхний зургаан тэрбумд 10 хувь, дараагийн дөрвөн тэрбумд 15 хувь, үлдсэн нэг тэрбумд 25 хувиар тооцож татвар төлөх зохицуулалтыг хийжээ.
Хувь хүний орлогын албан татварын тухайд сар бүр 792 мянган төгрөгийн орлогыг татвараас чөлөөлөх, мөн таван жил өөрийн эзэмшилд байсан орон сууцаа борлуулсан тохиолдолд үл хөдлөх хөрөнгө борлуулсны татвар төлөхгүй байх өөрчлөлтийг оруулсан байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын хувьд импортын болон дотоодын бараа бүтээгдэхүүний татварыг хил гааль дээр урьдчилж авдаг байсныг өөрчилж, борлуулалттай нь уялдуулан сарын дараа төлдөг байх, татвараа сайн төлдөг бол хоёр сар хүртэлх хугацаагаар хойшлуулж болох боломжийг бүрдүүлжээ.
Түүнчлэн НӨАТ төлөгчийн босгыг 50 сая төгрөгөөс 400 сая төгрөг болгон нэмэгдүүлэхээр хуулийн төсөлд тусгасан байна.
Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай. Өнөөдрийн байдлаар 74 төсөл, арга хэмжээнд 13.8 их наяд төгрөгийн зээл ашиглагдаагүй байгаагаас 4.3 их наяд нь Газрын тос боловсруулах үйлдвэр, 1.64 их наяд нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөлд хамаарч байгаа нь нийт ашиглаж чадаагүй зээлийн 38 хувийг эзэлж байна.
МАН-ын бүлэг Гадаад зээлийн ашиглалтыг сайжруулах тухай хуулийн төслийг дэмжсэн боловч чуулганы нэгдсэн хуралдаан дээр бүлгийн дөрвөн гишүүн эсрэг байр суурь илэрхийлж унагасан асуудлаар бүлгийн удирдлагууд тухайн гишүүдтэй ярилцаж, тооцоо судалгааг нарийвчлан үзэж байгааг мэдэгдлээ. Цаашид төслүүдийг эрэмбэлж, нэн шаардлагатайг нь шуурхайлах чиглэлийг Засгийн газарт өгсөн байна.
Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалттай холбоотой асуудлаар бүлгийн зүгээс тодорхой байр суурь илэрхийллээ. Уг төсөл нь гадаадын зээлээр бус, дотоодод босгосон бондын эх үүсвэрээр хэрэгжиж байгаа бөгөөд нэгэнт УИХ-аас бонд босгох зөвшөөрлийг нь олгосон тул хөрөнгийн зарцуулалтын эрхийг нь нээж өгөх шаардлагатай гэж үзжээ. Харин хувийн хэвшлийн хийж чадах барилгын ажилд төр оролцох шаардлагагүй гэх шүүмжлэл гарч байгаа бөгөөд хэрэв худалдан авах ажиллагаатай холбоотой хууль зөрчсөн асуудал байвал хууль хяналтын байгууллага нь шалгаж хариуцлага тооцох ёстойгоос биш, төслийн санхүүжилтийг гацааж хольж хутгах ёсгүй гэдгийг онцолсон юм.
Мөн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхтүвшин нарын зургаан гишүүнээс өргөн барьсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар мэдээлэл өглөө.
Уг хуулийн төсөл нь хуулийн этгээд буюу аж ахуйн нэгжийг шалгах процессыг илүү тодорхой болгоход чиглэжээ. Одоогийн хуулиар иргэнийг цагдан хорих хугацаа тодорхой байдаг бол хуулийн этгээдийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлж, данс болон тусгай зөвшөөрлийг нь хааснаар компаниуд дампуурах эрсдэлд ордог байна. Иймд хуулийн этгээдийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг нэг сарын хугацаатай авах, шаардлагатай бол нэг сараар сунгах боловч нийт хугацаа нь зургаан сараас хэтрэхгүй байх хязгаарлалтыг шинээр оруулж өгчээ.
Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахдаа тухайн байгууллагын ажилчид, харилцагчид, татвар төлөлт зэрэг олон нөхцөл байдлыг харгалзан үздэг байх зохицуулалтыг нэмж тусгасан байна. Энэ нь гэм буруугүй гуравдагч этгээдүүд давхар хохирох, бизнесийн үйл ажиллагаа тасалдах эрсдэлээс сэргийлэх ач холбогдолтой бөгөөд хувийн хэвшлийг дэмжих Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй бүрэн нийцэж байгааг тодотголоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.