ЭХҮТ-ийн захирал асан Д.Бямбасүрэн гэм буруугаа зөвшөөрч, торгох ялаар шийтгүүллээ
“Эрчим хүчний үндэсний төв” (ЭХҮТ) ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Бямбасүрэн, “Эс жи групп” ХХК-ийн албан тушаалтан Ц.Мөнхбаяр нар өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулж шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу өнгөрсөн баасан гарагт Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэн шийдвэрлэлээ.
Ц.Мөнхбаяр нь 2022 оны аравдугаар сард ЭХҮТ-ийн хашаан дотор гүйцэтгэх захирал Д.Бямбасүрэнд нь хахууль өгсөн хэрэгт холбогдсон юм.
Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг, өдгөө 100 хувь БНХАУ-ын иргэдийн эзэмшилд очсон “Эс Жи групп” ХХК-ийн Цагаан овоот уулын алтны уурхайд 2023 оны наймдугаар сарын 4-нд Эрчим хүчний яам (ЭХЯ)-наас 35 МВт-ын цахилгаан дамжуулах шугам, 1500 МВт дэд станц байгуулах барилга угсралтын техникийн нөхцөл олгосон байдаг. Ингэхдээ дээрх хоёр хүн хахууль өгч, авснаар барилга угсралтын ажлаа зөвшөөрөлгүйгээр эхлүүлж, дуусгасныхаа дараа холбогдох баримт бичгийг хууль бусаар нөхөн бүрдүүлж, авсан юм. Эрчим хүчний яамны албан тушаалтнуудын авлига, хээл хахуулийн хэргийг шалгах ажлын хүрээнд ЭХҮТ-ийн гүйцэтгэх захирал Д.Бямбасүрэн, “Эс жи групп” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан Ц.Мөнхбаяр нарын үйлдлийг өнгөрсөн нэгдүгээр сард илрүүлэн шалгаж, цагдан хорьж байсан билээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Бямбасүрэн Ц.Мөнхбаяраас таван сая төгрөгийн хахууль авснаа хүлээн зөвшөөрснөөс гадна гэрчүүд ч баталсан аж. Тиймээс Нийслэлийн прокурорын газраас Д.Бямбасүрэнд Эрүүгийн хуулийн 22.4-ийн “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан”, Ц.Мөнхбаярт 22.5-1-ийн “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгсөн” гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн байна. Улмаар Д.Бямбасүрэнг 30 сая төгрөгөөр торгож, нийтийн албанд ажиллах эрхийг нь таван жил хасах, Ц.Мөнхбаярыг 3.9 саяар торгож, төрийн байгууллагад ажиллах эрхийг хоёр жилээр хязгаарлах ял оноох саналаа прокурор илэрхийлжээ. Үүнийг уг хоёр яллагдагч хүлээн зөвшөөрч, дээрх шүүхийн шүүгч С.Олзод даргалан хянан хэлэлцээд шийтгэх тогтоол баталсан юм. Ингэхдээ тэдний цагдан хоригдсон 22 хоногийг торгох ялд оруулан тооцож, тус бүрээс нь 330 мянган төгрөг хасаж торгох ялыг нь тодорхой хугацаанд төлүүлэх, хээл хахуульд өгч, авсан таван саяыг улсын орлогод хураахаар шийдвэрлэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.