Палестин гэр бүл Израилийн суурьшигчдын заналхийллээс болж эцгийнхээ шарилыг ухаж гаргажээ
Эзлэгдсэн Баруун эрэгт амьдардаг Палестин гэр бүл Израилийн суурьшигчдын заналхийллийн улмаас 80 настай эцгийнхээ шарилыг оршуулснаас нь хойш хэдхэн цагийн дараа ухаж гаргахад хүрсэн цочирдом үйл явдал гарчээ.
Хуссейн Асаса хэмээх талийгаачийг Женин хотын ойролцоох Асаса тосгоны оршуулгын газарт нутаглуулсан боловч зэвсэглэсэн суурьшигчид халдаж, булшийг устгана хэмээн сүрдүүлсний улмаас ар гэрийнхэн нь ийм хүнд алхам хийхээс өөр аргагүйд хүрсэн байна.
Талийгаач байгалийн жамаар нас барсан бөгөөд түүний хүү Мохаммед Асасагийн мэдээлснээр гэр бүлийнхэн нь Израилийн цэргийн хүчнээс оршуулга хийх бүх шаардлагатай зөвшөөрлийг урьдчилан авсан байжээ. Гэвч баасан гаргийн орой оршуулгын ёслол дууссаны дараахан Са-Нур хэмээх шинээр сэргээгдсэн суурины Израилийн суурьшигчид оршуулгын газарт ирсэн байна. Тэд уг газар нутгийг өөрсдийн сууринд зориулагдсан гэж мэдэгдээд, гашуудаж буй гэр бүл болон тосгоны иргэд рүү чулуу шидэж, шинэхэн булшийг ухаж эхэлжээ.
Тосгоны иргэдийг буцаж ирэхэд суурьшигчид аль хэдийн талийгаачийн цогцост хүртэл гүн ухсан байв. Тэд булшийг бульдозероор түрж устгана хэмээн заналхийлсэн тул гэр бүлийн долоон залуу талийгаачийн шарилыг хамгаалахын тулд өөрсдөө ухаж гаргахаас өөр сонголтгүй болсон байна. Улмаар шарилыг ойролцоох Фундукомия тосгоны өөр нэг оршуулгын газарт шилжүүлэн дахин нутаглуулжээ.
Олон нийтийн сүлжээнд тархсан, Ройтерс агентлагийн баталгаажуулсан дүрс бичлэгт хүмүүс уулын энгэрээр цогцос өргөн явж, тэдний ард Израилийн цэргүүд дагалдаж буй нь бичигдэн үлджээ.

Энэхүү үйл явдлын талаар талууд харилцан адилгүй байр суурь илэрхийлж байна.
Израилийн батлан хамгаалах хүчин оршуулгын үйл ажиллагааг тэдэнтэй бүрэн зөвшилцсөн байсныг баталсан ч шарилыг нүүлгэн шилжүүлэх заавар өгөөгүй гэж мэдэгдэв. Тэдний тайлбарласнаар, цэргүүд мөргөлдөөнийг намжаах зорилгоор очиж, суурьшигчдаас малтах хэрэгслийг нь хураан авсан бөгөөд амьд болон нас барагсдын нэр төрд халдсан үйлдлийг буруушаасан байна. Харин Палестины эх сурвалжууд болон гэр бүлийнхний зүгээс Израилийн цэргүүд нутгийн иргэдийг оршуулгын газрыг хамгаалахаа болих, шарилыг нүүлгэх шахалтыг үзүүлсэн гэж буруутгажээ.
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар уг хэргийг хатуу зэмлэн буруушаалаа.
Тус байгууллагын Палестин дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Ажит Сунгай энэ явдлыг "Эзлэгдсэн Палестины нутаг дэвсгэрт өрнөж буй хүнлэг бус хандлагын тод илрэл бөгөөд амьд болон үхсэн хэнийг ч үл өршөөж буй аймшигт хэрэг" хэмээн тодорхойлсон юм. Энэхүү үйл явдал нь бүс нутаг дахь хурцадмал байдал хэрхэн гүнзгийрч, энгийн иргэдийн амьдрал төдийгүй талийгаачдын сүүлчийн замд үдэх ёслолд хүртэл ноцтойгоор нөлөөлж буйг харуулсан түгшүүртэй дохио болж байна.
Эх сурвалж:
• sepe.gr
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.