Германы жуулчин Грект нарны саравч олдоогүйн улмаас шүүхэд хандаж нөхөн төлбөр авчээ
Германы нэгэн жуулчин гэр бүлийнхээ хамт Грекийн Кос аралд амрах үеэрээ усан сангийн дэргэдэх нарны саравчийг ашиглаж чадаагүйн улмаас "TUI" аяллын компанийг шүүхэд өгч, ялалт байгуулжээ.
Германы Ганновер хотын дүүргийн шүүхээс тухайн амралтын газар өөрийн тогтоосон дүрмээ мөрдүүлээгүйгээс шалтгаалан аяллыг хууль эрх зүйн хувьд "доголдолтой" байсан гэж үзэж, жуулчинд 986.70 еврогийн нөхөн төлбөр олгох шийдвэр гаргасан байна.
Уг үйл явдал 2024 оны наймдугаар сард болсон бөгөөд жуулчин эхнэр, 9 болон 12 настай хоёр хүүхдийнхээ хамт 384 өрөөтэй зочид буудалд 11 хоног амрахын тулд 7,186 евро төлжээ. Гэвч тэрээр өглөө бүр 06:00 цагт босож, нарны саравч хайхад бусад амрагчид аль хэдийн алчуураа тавьж "захиалсан" байв. Амралтын газрын зүгээс алчуур тавьж сандал нөөцлөхийг хориглосон модон самбар байрлуулсан байсан ч үүнийг хэн ч тоогоогүй бөгөөд ажилтнууд ч дүрэм зөрчсөн хүмүүст шаардлага тавиагүй байна.
Үүний улмаас хүүхдүүд нь бетонон шалан дээр алчуур дэвсэн суухад хүрсэн бөгөөд гэр бүлийнхэн аяллынхаа туршид ердөө ганцхан удаа л нарны саравч олж ашиглажээ. Энэхүү нөхцөл байдалд гомдол гаргасан жуулчинд "TUI" компани эхлээд 350 еврогийн буцаан олголт санал болгосон ч тэрээр үүнийг хангалтгүй гэж үзэн шүүхэд хандсан байна.
Шүүхийн шийдвэрээр олгохоор болсон 986.70 евро нь тэдний аялалд зарцуулсан нийт төлбөрийн бараг 15 хувьтай тэнцэж байгаа юм.
Ганновер хотын шүүгчид аяллын компаниуд зочид буудлыг шууд удирддаггүй, зочин бүрийг үргэлж нарны саравчаар хангах боломжгүйг хүлээн зөвшөөрсөн хэдий ч зочид болон сандлын харьцааг "боломжийн" түвшинд байлгах зохион байгуулалтын бүтцийг хангах үүрэгтэйг онцолжээ. Усан сангийн орчим нь энэ төрлийн аяллын салшгүй хэсэг тул нарны саравч зэрэг үндсэн байгууламжид нэвтрэх эрх нь нэмэлт сонголт бус, гэрээт багц аяллын гол цөм гэж шүүх дүгнэсэн байна. Түүнчлэн амрагчид бусдын алчуурыг өөрсдөө авч хаях зэргээр асуудлыг бие даан шийдвэрлэх ёсгүйг шүүгч санууллаа.
Энэхүү шүүхийн ер бусын шийдвэр нь Европын амралтын газруудад түгээмэл ажиглагдах болсон "нарны саравчны дайн" буюу үүрийн гэгээнээр сандал булаалддаг үзэгдлийн талаар дахин хөндөж хэлэлцэхэд хүргээд байна. Уг асуудалтай тэмцэхийн тулд Испанийн Коста Бланка дахь Кальпе зэрэг Европын зарим аялал жуулчлалын бүсүүд хоосон сандал дээр алчуураа олон цагаар орхисон амрагчдыг 250 хүртэлх еврогоор торгох хатуу арга хэмжээ авч эхлээд байна.
Эх сурвалж:
• kesq.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.