🔴Ж.Энхбаяр: Ойрх Дорнодын нөхцөл байдлаас үүдэн уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй
Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, экспорт, импорт болон дунд хугацааны төсвийн төсөөллийн талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр:
-Гадаад худалдааны эерэг үзүүлэлтүүд гарч, дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар Монгол Улсын экспорт 6.6 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 2.6 тэрбум ам.доллароор буюу 65 хувиар өссөн үзүүлэлт. Үүн дотор нүүрсний экспорт 37.8 сая тоннд хүрч 71 хувиар, зэсийн баяжмал 870 мянган тоннд хүрч 40 хувиар тус тус өссөн. Экспортын орлого нэмэгдсэнээр гадаад валютын албан нөөц 7.3 тэрбум ам.долларт хүрч, сүүлийн таван жилийн хамгийн өндөр түвшинд очсоноор үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг тогтвортой барих боломж бүрдсэн.
Импортын хувьд эхний гурван сарын байдлаар 2.4 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 3 хувиар буурсан. Гэсэн хэдий ч дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлттэй холбоотойгоор шатахууны импортын төлбөр нэмэгдэж, валютын нөөцөд тодорхой хэмжээний дарамт учруулж эхэлсэн. Монгол Улс сард дунджаар 125 мянган тонн шатахуун импортолдог. Ойрх Дорнодын хурцадмал байдлаас үүдэн шатахуун, бордоо, тэсрэх бодисын үнэ өсөх нь уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.
Төсвийн гүйцэтгэлийн хувьд эхний улирлын байдлаар төсвийн орлого 6.3 их наяд төгрөгт хүрч 2.5 хувиар өссөн бол, зарлага 7.7 их наяд төгрөгт хүрч 17.9 хувиар огцом нэмэгдсэн. Зарлагын энэ өсөлт нь багш, эмч, төрийн албан хаагчдын цалин болон тэтгэврийн нэмэгдэлтэй шууд холбоотой. Үүний улмаас улсын төсөв 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 1.3 хувьтай тэнцэж, хуулиар зөвшөөрөгдсөн нэг хувийн хязгаарыг давсан хэдий ч дунд хугацаанд нөхөх зорилт тавин ажиллаж байгаа.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүртгэлтэй 236 мянган аж ахуйн нэгжийн 10 мянга нь гадаадын хөрөнгө оруулалттай. Үүнээс 4000 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр 4000 компани дангаараа аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 24 хувь, нийт цалингийн сангийн 16 хувь, нийгмийн даатгалын шимтгэлийн 18 хувийг бүрдүүлж, төсвийн нийт орлогын дөрөвний нэгийг дангаараа бүрдүүлж байгаа. Хөрөнгө оруулалтын тухай болон Ашигт малтмалын тухай хуулиудыг шинэчлэн баталж, хөрөнгө оруулагчдын хуримтлагдсан маргааныг эцэслэх нь нэн чухал байгаа.
2027 онд эдийн засаг 5.8 хувь, 2028 онд 6 хувь, 2029 онд 6.3 хувиар тус тус өснө гэж тооцоолсон. Оюутолгойн алтны агууламж буурах, шатахууны үнэ өсөх зэрэг шалтгаанаар уул уурхайн салбарын өсөлт саарах төлөвтэй байна. Геологи хайгуулын ажлыг эрчимжүүлэх, АМНАТ-ын шатлалыг оновчтой болгох, ялангуяа зэсийн татварыг бууруулж шинэ ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай. Мөн нүүрсний экспортыг 2027 он гэхэд 100 сая тоннд хүргэх зорилт тавьсан. Үүний тулд хилийн боомтуудын нэвтрүүлэх чадварыг сайжруулж, угааж баяжуулсан нүүрс гаргах бодлого баримталж байгаа.
Төмөр замын нэвтрүүлэх хүчин чадал дээд цэгтээ хүрсэн тул экспортыг дэмжихийн тулд шаардлагатай бол зорчигч тээврийг түр зогсоох хүртэл арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа. Чингис хаан олон улсын нисэх буудлын ачаалал хүчин чадлаасаа гурав дахин хэтэрсэн тул Японы талтай хамтран 11 гарц бүхий шинэ өргөтгөл барих ажлыг эхлүүлэхээр тохиролцсон. Газрын тосны салбарт үүссэн маргааныг яаралтай шийдвэрлэж, Алтанширээгийн нефть боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах асуудлыг цэгцлэх шаардлагатай.
Хөдөө аж ахуйн салбарын хувьд сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн бодлогын үр дүнд эрчимтэй сэргэж, 38 мянган шинэ ажлын байр бий болсон. Газар тариалангийн эргэлтийн талбайг 200 мянган га-гаар нэмэгдүүлж, ноолуурыг зөвхөн угааж самнаж гаргадаг болсноор нэмүү өртөг 200 сая ам.доллароор өссөн. Цаашид хөдөө аж ахуйн салбар нь уул уурхайн дараа орох нэг тэрбум ам.долларын экспортын орлого бүрдүүлдэг томоохон салбар болох бүрэн боломжтой. Мөн долоодугаар сарын 1-нээс Евроазийн эдийн засгийн холбоотой байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр 180 сая хүн амтай зах зээлд 367 нэр төрлийн бүтээгдэхүүн гаргах үүд хаалга нээгдэж байна.
Төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийн нэмэгдэлд ихээхэн хэмжээний эх үүсвэр шаардагдаж байгаа учраас 2027 онд улсын төсвөөр шинээр нэг ч хөрөнгө оруулалтын төсөл эхлүүлэхгүй, зөвхөн өмнө нь эхэлсэн төслүүдээ үргэлжлүүлнэ. Мөн НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох хуулийн төсөл нь төсөвт 1.6 их наяд төгрөгийн ачаалал үүсгэх тул хэрэгжих хугацааг нь хойшлуулахаар төсвийн хүрээний мэдэгдэлтэй хамт өргөн барьсан. Цаашид эдийн засагт төрийн оролцоог бууруулж, хувийн хэвшлийг дэмжих цогц бодлого хэрэгжүүлнэ гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.