М.Батчулуунд БҮХ НАСААР НЬ хорих ял оноож, 167 сая төгрөгийг хохиролд гаргуулахаар шийдвэрлэв

AI хөрвүүлсэн
М.Батчулуунд БҮХ НАСААР НЬ хорих ял оноож, 167 сая төгрөгийг хохиролд гаргуулахаар шийдвэрлэв

Найман сартай жирэмсэн эмэгтэй болон дөрвөн настай охины амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн 49 настай М.Батчулуунд бүх насаар нь хорих ял оноолоо. 

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мижиддоржийн Батчулуунд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан болж, шүүхийн шийдвэр гарлаа. Шүүх хуралдааныг хаалттайгаар хянан хэлэлцэж, шүүгдэгчид бүх насаар нь хорих ял оноов.

Шүүх бүрэлдэхүүн М.Батчулууныг онц харгис хэрцгийгээр, биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхдийг алахыг завдсан, мөн хохирогчийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж, бага насны хүүхдийн хамт онц харгис хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон байна. Улмаар Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалтын дагуу бага насны хүүхдийг алахыг завдсан үйлдэлд нь 8 жил хорих ял, жирэмсэн эмэгтэй болон хүүхдийн аминд хүрсэн үйлдэлд нь бүх насаар нь хорих ял оноож, ялуудыг нэгтгэн нийт эдлэх ялыг бүх насаар нь хорих ялаар тогтоолоо. Шүүгдэгч уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлэх юм.

Шүүхийн шийдвэрээр шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг арилгах зорилгоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Сувданхуягт 31,680,000 төгрөг, Төмөрчөдөрт 36,404,080 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Сувд-Эрдэнийн асран хамгаалагчид 167,197,209 төгрөгийг тус тус гаргуулж олгохоор шийдвэрлэв. Мөн насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгчийн хөлс болох 2 сая төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүл, хөгжлийн хамгааллын хэлтэст олгохоор даалгасан байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг гар утсыг эзэмшигчид нь буцаан олгож, 12 ширхэг CD-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган, бусад эд зүйлийг устгахыг шүүхийн Тамгын газарт даалгалаа. Шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг шүүхийн шийдвэр гарсан өдрөөс эхлэн тооцох бөгөөд хэргийн оролцогчид шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.