🔴Б.Баярбаатар: Ц.Элбэгдоржийн Эпштейнд зуучилсан монгол охин өнөөдөр амьд сэрүүн байгаа юу?

AI хөрвүүлсэн

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Баярбаатар ноцтой мэдэгдэл хийж, АНУ-ын Хууль зүйн яамнаас олон нийтэд ил болгосон Жэффри Эпштейнтэй холбоотой баримтуудад Монгол Улсын үе үеийн өндөр дээд албан тушаалтнуудын нэр холбогдсон асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулах санал гаргаснаа мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:

-Энэ санаачилгыг УИХ-ын гишүүд дэмжиж, гарын үсэг зурж эхэлсэн. Ж.Эпштейн нь бага насны охидыг садар самуунд уруу татсан, бэлгийн мөлжлөг явуулсан хүчирхийлэгч төдийгүй морин уралдаан, үнэт чулуу, уран зураг, үл хөдлөх хөрөнгөөр дамжуулан мөнгө угаадаг, улс орнуудын улс төрд нөлөөлж лобби хийдэг байсан нь 3.5 сая хуудас баримтаар нотлогдож байгаа. Эдгээр баримт дунд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан хүмүүсийн нэр дурдагдсан.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гадаад бодлогын зөвлөх, Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан Л.Пүрэвсүрэн нь Ж.Эпштейнтэй цахим шуудангаар харилцахдаа "Нью-Йоркт удахгүй том сюрпризтэй очно, тэр нь монгол охин" гэх агуулгатай захидал бичиж байсан нь ил болсон. энэ асуудалтай холбоотой Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ асрамжийн газраас олон өнчин хүүхэд өргөж авсан гэдэг ч өнөөдөр тэр хүүхдүүд хаана байгаа нь тодорхойгүй, эцэг эх нь авсан гэх эргэлзээтэй тайлбар өгдөг. Үүний цаана хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэг байх вий гэх хардлага байгаа.

2014 онд буюу Дубайн гэрээ байгуулагдахаас нэг жилийн өмнө Ц.Элбэгдорж тэргүүтэй төрийн өндөр албан тушаалтнууд Ж.Эпштейний урилгаар Дубайд очиж, 23 сая төгрөгийн үнэтэй тасалбар бүхий VIP танхимд морин уралдаан үзсэн байдаг. Энэ уралдаанд Монголын нэр дээр "Saturday" нэртэй морь уралдаж байсан нь баримтаар тогтоогдсон. Энэ уулзалтын дараа жил нь Дубайн гэрээ зурагдсан, мөн Ж.Эпштейнтэй хамт хооллож буй зургууд ил болсон зэрэг нь бэлгийн хүчирхийллийн шинжтэй бичлэгээр барьцаалагдаж, улс төрийн шийдвэр гаргуулсан байж магадгүй байгаа. 

"Бодь" групп буюу Голомт банкны төлөөлөл Ж.Эпштейнтэй уулзаж, хөрөнгө оруулалт татах нэрээр Монголын байгалийн баялагтай холбоотой төрийн нууцын зэрэглэлтэй байж болзошгүй мэдээллүүдийг солилцсон асуудал ч баримтуудад дурдагдсан гэв.

Олон улсад энэ хэрэгтэй холбогдуулан Их Британи, Норвеги, Франц зэрэг улсууд өөрсдийн иргэд, өндөр дээд албан тушаалтнуудаа шалгаж, АНУ-аас албан ёсоор баримт мэдээллийг татаж авч эхэлсэн. Ийм учраас Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандан АНУ-ын Хууль зүйн яам болон Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамтай яаралтай холбогдож, холбогдох материалуудыг татаж авах чиглэлийг хурлын протоколоор өгсөн. Энэ асуудлын эргэлзээг тайлж, иргэдийн мэдэх эрхийг хангахын тулд ХЭҮК болон хүний эрхийн байгууллагууд үйл ажиллагаагаа эрчимжүүлэх шаардлагатай гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.