Германы цагдаа нар неонацист залуучуудын бүлэглэлийн эсрэг томоохон ажиллагаа явуулжээ
Германы эрх баригчид хэт барууны үзэлт, неонацист залуучуудын гэмт хэргийн бүлэглэлүүдийн эсрэг улс даяар томоохон хэмжээний нэгдсэн ажиллагааг 2026 оны 5 дугаар сарын 6-ны өдөр зохион байгуулжээ.
Энэхүү ажиллагаанд 600 гаруй цагдаагийн алба хаагч оролцож, 12 холбооны мужийн нутаг дэвсгэрт үзлэг нэгжлэг хийсэн бөгөөд өсвөр үеийнхний дунд хэт барууны үзэл, хүчирхийлэл огцом нэмэгдэж байгаатай холбогдуулан уг арга хэмжээг авч хэрэгжүүлжээ.
Хууль сахиулагчид Бавари, Берлин, Бранденбург, Саксон болон Хойд Рейн-Вестфали мужийн найман хот зэрэг нийт 45-аас 50 орчим гэр, объектод нэгжлэг хийсэн байна.
Мөрдөн байцаалтын гол бай нь 16-аас 20 гаруй насны хэт барууны үзэлт залуучуудын бүлэглэлийн 36 гол гишүүн байв. Лхагва гарагт явагдсан уг ажиллагааны үеэр шинээр хүн баривчлаагүй бөгөөд гол зорилго нь нотлох баримт цуглуулах, тагнуулын мэдээллийг баталгаажуулахад чиглэжээ. Гэхдээ нэг сэжигтэн өөр хэргээр урьдчилан хоригдож байсан бөгөөд шалгагдаж буй бүх хүн Германы иргэд байна.
Цагдаагийн байгууллагаас гэмт хэргийн бүлэглэл гэж тодорхойлсон хоёр үндсэн сүлжээг онцгойлон шалгаж байна.
Үүнд 500 орчим гишүүнтэй, хамгийн томд тооцогдох "Jung & Stark" (Залуу бөгөөд Хүчирхэг) болон 100 гаруй гишүүнтэй "Deutsche Jugend Voran" (Германы залуучууд урагшаа) зэрэг бүлэглэл багтжээ. Хуучин цагийн нууцлаг неонацист бүлгүүдээс ялгаатай нь эдгээр залуус Telegram, Instagram зэрэг цахим платформ ашиглан нээлттэйгээр зохион байгуулалтад орж, улс төрийн өрсөлдөгчид, зүүний үзэлтнүүд болон бэлгийн цөөнхийн арга хэмжээний эсрэг хүчирхийлэл үйлдэхийг уриалдаг байна.
Энэ төрлийн гэмт хэрэг өмнө нь ч шүүхээр шийдвэрлэгдэж байв.
Өнгөрсөн онд "Deutsche Jugend Voran" бүлэглэлийн удирдагч, 24 настай Жулиан М. болон 16-23 насны хэсэг залуус Берлин хотод зүүний үзэлтнүүдийн бэлгэдэл бүхий хувцастай хүмүүс рүү харгисаар халдсан хэргээр гурван жил гаруй хугацаагаар хоригдох ял сонссон юм.
Германы Холбооны эрүүгийн цагдаагийн газрын (BKA) мэдээлснээр, 2025 онд барууны үзэл баримтлалтай хүчирхийллийн гэмт хэрэг сүүлийн есөн жилийн дээд цэгтээ хүрч, 1598 халдлага бүртгэгдсэн нь нөхцөл байдал хэр хурцадсаныг харуулж байна.
Германы Хууль зүйн сайд Стефани Хубиг өсвөр үеийнхний дунд газар авч буй хэт барууны үзлийн энэхүү давлагааг улс орны дотоод аюулгүй байдлын хамгийн гол аюул заналхийлэл гэж тодорхойллоо. Эдгээр бүлэглэлүүд нь төрийн ардчилсан үндэс суурийг ганхуулах зорилготой бөгөөд цаашид ч хууль сахиулах байгууллагууд цахим орчин дахь радикализаци болон бодит амьдрал дээрх хүчирхийллийн эсрэг хатуу тэмцэхээ мэдэгдээд байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.