Украины нисгэгчгүй онгоц Москвагийн өндөр зэрэглэлийн орон сууцыг оножээ
Даваа гаргийн үүрээр Украины нисгэгчгүй онгоц Москва хотын баруун хэсэгт байрлах "Mosfilm Tower" тансаг зэрэглэлийн орон сууцны цогцолборт цохилт өгчээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас ердөө гурван км зайтай, Кремль болон Улаан талбайгаас долоон км-ийн зайд орших тус барилгын 36 давхарт орон нутгийн цагаар шөнийн 01:00 цагийн орчимд дэлбэрэлт болсон байна. Уг халдлага нь Оросын Ялалтын баярын парад болохоос хэдхэн хоногийн өмнө нийслэлийн агаарын орон зайд нэвтэрснээрээ ноцтой үйл явдалд тооцогдож байна.
Дэлбэрэлтийн улмаас нэгэн орон сууцны гурван өрөөний хана нурж, барилгын гадна талын хэсэг доор байсан автомашин дээр унажээ. Москва хотын дарга Сергей Собянин халдлага гарсан даруйд аврах багийг илгээж, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд хүний амь нас эрсдээгүй, бэртэж гэмтсэн хүн байхгүй болохыг албан ёсоор мэдэгдэв. Гэсэн хэдий ч гудамжаар дүүрэн шилний хагархай, барилгын нуранги үүссэн байна.
Москвад гарсан хэрэг нь өргөн хүрээг хамарсан, зохион байгуулалттай агаарын довтолгооны зөвхөн нэг хэсэг байв. Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, ням гаргийн үдшээс даваа гаргийн өглөө хүртэлх хугацаанд Белгород, Воронеж, Курск, Ростов зэрэг олон бүс нутагт Украины 117 нисгэгчгүй онгоцыг амдан устгажээ. Үүнээс гадна Санкт-Петербург хотын чиглэлд 60 нисгэгчгүй онгоц илгээсэн масс халдлага болсныг амбан захирагч Александр Дродженко онцолсон байна. Нийслэл рүү чиглэсэн дахин хоёр дроныг устгасан бөгөөд Внуково, Домодедово олон улсын нисэх онгоцны буудлуудын үйл ажиллагааг түр зогсооход хүрчээ.

Тавдугаар сарын 9-нд болох Ялалтын баярын өмнө аюулгүй байдлын арга хэмжээг урьд өмнө байгаагүй түвшинд чангатгаж байна. Эрх баригчид интернэтийн хязгаарлалт тогтоож, холбоо харилцааг тасалж, нийслэлд агаарын довтолгооноос хамгаалах нэмэлт системүүдийг байршуулжээ. Украины Гадаад тагнуулын албанаас Москвагийн парадын бэлтгэл баяр ёслол гэхээсээ илүү цэргийн хөл хорио мэт харагдаж байгааг тэмдэглэв. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Улаан талбай дээгүүр нисгэгчгүй онгоцууд нисэх болно хэмээн мэдэгдсэн нь сэтгэл зүйн дарамт үзүүлэх зорилготой гэнэ.
Халдлагын дараа Оросын хууль тогтоогчид, тэр дундаа Төрийн Думын батлан хамгаалах хорооны гишүүн Андрей Колесник Украины дэд бүтцэд хатуу хариу цохилт өгөхийг шаардав. Үүнтэй зэрэгцэн дипломат хүрээнд түр гал зогсоох тухай яриа гарч эхэлсэн бөгөөд Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярихдаа тавдугаар сарын 9-нд нэг өдрийн гал зогсоох санал тавьсан гэх мэдээлэл цацагдсан. Энэ санал нь бодит дипломат алхам уу, эсвэл зүгээр л парадын үеэр аюулгүй байдлаа хангах оролдлого уу гэдгийг тодруулахаар Украины тал ажиллаж байна. Үүний зэрэгцээ хилийн ойролцоох Харьков мужид Оросын пуужингийн цохилтын улмаас дөрвөн хүн амь үрэгдэж, 18 хүн шархадсан нь дайн ширүүн үргэлжилж буйг харууллаа.
Эх сурвалж:
• inkl.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.