С.Баярцогт бол МАН-д бурханаас өгсөн бэлэг юм
Ардчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч С.Баярцогтыг жинхлэх эсэх асуудал АН-ын дотоод асуудлаас халиад, олон нийтийн хэлэлцүүлгийн нэг чухал сэдэв болчихлоо. Өрсөлдөгч МАН-ын зүгээс ч анхааралтай ажиглаж буй бололтой юм.
Угтаа бол С.Баярцогтыг ЕНБД-аар жинхлэхэд нь МАН алга таших ёстой юм. Тэр бол МАН-ыг ялуулахын төлөө “Бурханаас өгсөн бэлэг” юм.
Дансандаа сая доллараа мартдаг, гэрээ байгуулах ажлын хэсэгт байхдаа хувьцаа авч, мөнгө угаасан, эхнэрийнх нь компани Оюутолгой компанитай 63 тэрбум төгрөгийн катеренгийн гэрээ байгуулсан, гурван шатны шүүхээр энэ бүхэн нь нотлогдсон гэдэг бол С.Баярцогтыг улс төрчийн хувьд тэтгэвэрт гаргахад хангалттай том шалтгаан юм. Гэвч тэр 40-тэй Н.Учралтай “үзнэ” хэмээн улс төрийн рингэнд гараад ирлээ. МАН-ын хувьд бол магтаад л байхад үлээсэн гүзээ шиг тэнгэрт хөөрөх учраа л даа.
С.Баярцогтыг зүтгүүлж байгаа нам доторх бүлэглэлийн хувьд “Оюутолгойн ажлын хэсэгт байхдаа хувьцаа авсан нь хууль бус хэрэг биш. Хувьцаа авах бол дэлхийн хаана ч байдаг зүйл” хэмээн өмөөрч байна лээ. Өмөөрч буй хөөрхөн л өнцөг. Үүнд итгэх хэсэг байгаа л байх.
Харин олонхын хувьд “insider deal хийнэ гэдэг гэмт хэрэг” гэдгийг мэдэхтэйгээ.
Тэр Засгийн газрын гишүүн байгаад, хувийн ашиг хонжоо олох зорилгоор хэлэлцээний нөгөө талд байсан компанийн хувцьааг худалдан авч нугалсан ашиг их олсон. Энэ мөнгөөрөө 852 сая төгрөгийн үнэлгээтэй, Нүхтэд байршилтай 362,98 м.кв талбай бүхий үл хөдлөх, нэг тэрбум 468 сая төгрөгийн үнэ бүхий Белла виста хотхоны таун хаусыг хүүхдийнхээ нэр дээр авсан. Мөн, Белла виста дахь нэг тэрбум 102 сая төгрөгийн үнэ бүхий орон сууцыг тус тус худалдан авсан байдаг. С.Баярцогтын Оюутолгойтой хувийн ямар нэг сэжмээр холбогдсон нь үүгээр дуусахгүй.
Эхнэр Ч.Нарантуяагийн 50 хувийн хувьцаа эзэмшдэг “Кью Эф Эс” компани “Оюутолгой” ХХК-тай 2010-2012 онуудад ажил үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулж, нийт 63 тэрбум 961 сая төгрөгийн орлого олсон байдаг. Энэ бүхнийг түүний муулаад байдаг Женко Х.Баттулга нь арван жилийн турш өмнөөс нь хийж өгсөн байх уу? “Х.Баттулга миний пиарыг арван жил хийсэн” гэх юм билээ.
Яриа хэлэлцээний үр дүнд тухайн компанийн хувьцааны үнэ ханш нэмэгдэнэ гэсэн хүлээлттэйгээр л худалдаж авсан нь Монгол Улсад хор хохирол учруулсан. Хор хохирол нь одоо ч арилаагүй байна. “Оюу Толгой” компаниас монголчууд хэзээ ногдол ашиг авах нь тун бүрхэг болчихоод байгаа. Монголын ард түмэн хэдэн жилийн өмнө сурталчлаад байсан шиг 80 хувийн ашиг олох байтугай, 20 хувь ч хүрэхгүй байгаа гэдгийг учир мэдэх хүмүүс дахин давтан хэлээд л байгаа.
С.Баярцогт энэ бүхнийхээ төлөө тэтгэвэрт гарах нь Монгол Улсын эрх ашигт оруулах тун чухал хувь нэмэр юм, уг нь. Гэтэл улс төрийн үхдэл болсон түүнийг булшнаас нь дахин дахин гаргаж ирэх шаардлага АН-ын хэсэг нөхдөд байгаа бололтой. “Улс төрөөс олсон бохир мөнгө С.Баярцогтоор дамжуулж АН-д угаагдах гэж байна” гэж улс төрийн хүрээнд яригдаад эхэлсэн байна лээ.
Үнэн ч юм бил үү, хэн мэдэх вэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.