Хууль бусаар алт олборлосон, бусдыг залилж дарамталсан хэргийг шалгаж байна
Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутгаас 2025 оны аравдугаар сард тусгай зориулалтын буюу уул уурхайн техник ашиглан хууль бусаар алт олборлосон хэрэгт холбогдуулан өмнө нь нэг бус удаа ял шийтгүүлж байсан Х.Даржаа гэх хүнийг цагдаагийнхан шалгаж буй аж.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ эр “Надад танил тал зөндөө хүн бий. Охины чинь ялыг хөнгөрүүлнэ, сайн өмгөөлөгч авч өгнө” хэмээн нэгэн иргэнээс 50 сая төгрөгийг нь залилан авсан. Улмаар хохирогчийг цагдаагийн байгууллагад гомдол гаргуулахгүй байх зорилгоор байнга заналхийлж, сүрдүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэнэ.
Үүнээс гадна нэг тэрбум 150 сая төгрөгийн үнэ бүхий уул уурхайн техник, тоног төхөөрөмжийг зарж өгнө гэж өөр нэгэн хүнийг мэхлэн нэр дээрээ шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт түүнийг буруутгаж байгаа аж.
Тиймээс Х.Даржаад Эрүүгийн хуулийн 17.3-ын залилан мэхлэх, 13.5-ын заналхийлэх, 24.2-ын хууль бусаар ашигт малтмал олборлох гэсэн зүйл заалтыг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ЭЦА-ныхан мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлүүлэн явуулж буй юм.
Тэрбээр өмнө нь “Монгол газар”-ын Ц.Мянганбаяртай хамт эрүүгийн хэрэгт холбогдож байсан нэгэн гэдгийг хэд хэдэн эх сурвалж мэдээлэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.