Морьт харвааны адуу хулгайлсан залуусыг дахиж шалгуулахаар боллоо
Монголын үндэсний морьт харвааны тамирчдын унадаг 18 агтыг хулгайлсан Н.Ганзориг, Э.Болд-Эрдэнэ, Э.Эрдэнэбат, Б.Уртнасан, Б.Пүрэвнанзад, М.Баасандорж нарын хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг өчигдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхмандах удирдан явууллаа.
Яллагдагч дээрх зургаан хүний өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг үндэслэн хийсэн эл хурлаас хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаахаар шийдвэрлэв. Учир нь алдагдсан адууны үнэлгээ эргэлзээтэй, дээрх хүмүүсийн үйлдэл, оролцоог нарийвчлан бичээгүй, хохирогчийн гаргаж өгсөн эд мөрийн баримтууд дутуу, шүүхэд ирүүлээгүй зэргийг дахин тодруулахаар болсон байна.
2025 оны зургаадугаар сарын 6-7-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн нутаг, Богд хан уулын Жаргалантын амны орчимд идээшилж байсан адууг тууж, Эмээлт дэх мал нядалгааны газарт худалдан борлуулсан үйлдэлд морьт харвааны тамирчин тэргүүтэй таван залуу холбогдсон билээ. Тэдэн дээр нэмж махны ченж Б.Уртнасанг яллагдагчаар татсан бөгөөд уг зургаан хүнд Эрүүгийн хуулийн 17.12-2-1, 17.12-2.2 дахь хэсгийн олон тооны мал бүлэглэж хулгайлсан, 18.6-1-ийн мөнгө угаасан гэх заалтыг үндэслэн Хан-Уул дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн дээрх шүүхэд шилжүүлсэн юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.