Орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлыг шалгаж дууслаа
Орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Доржсүрэнд холбогдох хэргийг АТГ-ынхан шалгаж дуусжээ. “Нүүрсний” гэх дуулианы хүрээнд шалгасан уг хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Ж.Доржсүрэн 2021 оны нэгдүгээр сараас 2022 оны арванхоёрдугаар сар хүртэлх хугацаанд Ч.Мөнхбаяр, Д.Түвшинбаатар нарт давуу байдал олгож, хямд үнээр нүүрс худалдан авах ашиг сонирхлыг нь гүйцэлдүүлсэн аж. Ингэхдээ 2014 онд “Тавантолгой” ХК болон БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Юун тун” ХХК-ийн хооронд үүссэн 587.8 сая төгрөгийн авлагыг санхүү, холбогдох бусад бичиг баримт бүртгэлгүйгээр “Авлага шилжүүлэн барагдуулах” гэх утгатай гэрээг “Хардот МЖЛ” гэх компанитай байгуулсан гэнэ.
Улмаар “Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан “Нүүрсний үнэ тогтоох тухай” тогтоолд тусгасан коксжих чанаргүй нүүрсний нэг тонн тутмыг 49.5 мянган төгрөгөөр худалдах байсныг 8.3 мянгаар тооцож, нүүрсээ худалдсан байна. Холбогдох шалгалтын хүрээнд 70 мянган тонн коксжих чанаргүй нүүрсийг “Хардот МЖЛ” ХХК-д борлуулснаар “Тавантолгой” ХК-д 2.9 тэрбум шахам төгрөгийн хохирол учирчээ.
Уг хэрэгт холбогдуулж “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Доржсүрэнд Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, бусдад эдийн засгийн давуу байдал үүсгэсэн хэмээн яллах дүгнэлт үйлдсэн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.