Ц.Даваацэрэн нэмж өмгөөлөгч авснаар хурлыг тав дахиа хойшлуулав
“Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал асан Ц.Даваацэрэн, түүний хүргэн С.Мөнхтөр нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өчигдөр Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас удирдан хийхээр товлоод байв. Гэвч өмгөөлөгч нар арбитрын шүүхийн шийдвэр болон дээрх үйлдвэрийн эрх бүхий хурлаар хэлэлцсэн асуудлын протоколыг гаргуулах, Үндсэн хуулийн цэц Дээд шүүхийн тайлбарыг шийдвэрлэх хүртэл шүүх хурлыг түдгэлзүүлэх гэх мэт элдэв хүсэлт гарган хэлэлцүүлгийг хийлгэхгүй байх оролдлого хийж байлаа. Даргалагч шүүгч Ц.Алтангадас тэдний хүсэлтийг хянаад, уг хэрэгт шинээр өмгөөлөгчөөр орж буй Шадар сайд асан Ц.Оюунбаатарын хавтаст хэрэгтэй танилцах хүсэлтийг хүлээн авч, энэ сарын 26-ны 09.00 цаг хүртэл урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг хойшлуулав.
Ингэснээр Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд дээрх хоёр хүнд холбогдох 66 хавтас бүхий хэргийг шилжүүлснээс хойш тав дахь удаагаа хойшлуулж буй нь энэ. Мөн энэ үеэр өмгөөлөгч Ц.Оюунбаатарын өмгөөллийн эрхтэй холбоотой асуудал ч сөхөгдөж байсан юм.
Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас Ц.Даваацэрэнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 18.6-2.3-ын “Албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж мөнгө угаасан”, 22.1-2-ын “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан”, 22.10-1 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон” гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн билээ.
Ц.Даваацэрэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, “Ачит ихт” компанитай байгуулсан гэрээгээр 34.9 тэрбум төгрөгийн орлого олох боломжийг алдагдуулсан, тус үйлдвэрийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар барьсан “Эрдэнэт медикал” эмнэлгийг “Медипас” компанид шилжүүлж, үйлдвэрийн ажилтнуудад хөнгөлөлттэй нөхцөлөөр эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан, эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байхад “Хөрөнгө баланснаас хасах” тухай тушаал гаргаж, бусдад шилжүүлэн төрийн өмчид 64.8 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон.
Мөн орон сууц борлуулсан гэх халхавч доор Хонконгийн оффшор бүсээр дамжуулан АНУ дахь аж ахуйн нэгж рүү 600 гаруй мянган ам.доллар шилжүүлж, мөнгө угаасан хэрэгт буруутгагдсан юм.
Ц.Даваацэрэн, С.Мөнхтөр нарт холбогдох хэргийг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн оны долоодугаар сард шилжүүлж, аравдугаар сард нь урьдчилсан хэлэлцүүлгийн хурал хийгээд “Харьяалал зөрчиж тус шүүхэд шилжүүлсэн. Хэрэгт холбогдогчдын сүүлийн үйлдэл буюу “Эрдэнэт медикал” эмнэлгийг “Медипас” компанид шилжүүлж, “Хөрөнгө баланснаас хасах” тухай тушаал, уг аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан үйлдэл нь Орхон аймгийн Баян-Өндөр сумд болсон” гэж дүгнэснээр тус аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлсэн аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.