Б.Цогтгэрэл: Ж.Эпштейн Оюутолгой, Дубайн гэрээний лоббиг хийсэн нь баттай

Б.Цогтгэрэл: Ж.Эпштейн Оюутолгой, Дубайн гэрээний лоббиг хийсэн нь баттай

“Шилэн данс” ТББ-ын тэргүүн Б.Цогтгэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ж.Эпштейний хэрэг, түүнтэй холбоотой материалууд олон улсын анхаарлын төвд байна.

Төрийн өндөр албан тушаалтнууд, нөлөө бүхий хүмүүсийн нэр Эпштейний файлуудаас гарч, зарим улс орон хариуцлага хүлээлгээд эхэлсэн нь сайн жишиг. Манай улсын хоёр ч Төрийн тэргүүн, тэдний хамаарал бүхий хүмүүсийн мэдээлэл Эпштейний файлд байгаа нь тогтоогдсон. Та тэднийг яг ямар холбоо сүлбээтэй байсан тухай холбогдох баримтуудыг олон нийтэд хүргээд эхэлсэн. Ер нь бид энэ асуудалд яагаад анхаарах ёстой гэж та үзэж байна вэ. Энэ талаар яриагаа эхэлье?

-Ж.Эпштейнтэй холбоотой дуулиан бол зөвхөн нэг хүний гэмт хэргийн асуудал биш. Харин дэлхийн хэмжээний мөнгө санхүү, улс төр, гэмт хэргийн сүлжээний асуудал болж хувирсан.

Билл Гэйтсээс эхлээд АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Д.Трамп, Английн хунтайж гээд нөлөө бүхий эрхмүүд энэ хэрэгт ороолцолдсон нь тодорхой боллоо. Энд үндсэндээ гурван том асуудал харагдаж байна. Нэгдүгээрт, хүүхдийн бэлгийн мөлжлөгийн асуудал. Энэ хэрэгт насанд хүрээгүй хүүхдүүд, тэр дундаа бага насны охидыг бэлгийн мөлжлөгт ашигласан гэх маш ноцтой баримтууд ил болсон. Дуу, дүрсний бичлэг, гэрчийн мэдүүлэг, хууль хяналтын байгууллагын материал зэрэг олон эх сурвалжаар баталгаажиж байгаа. Хоёрдугаарт, дэлхийн санхүүгийн сүлжээ, мөнгө угаалтын асуудал байна. Энд зөвхөн оффшор бүсэд мөнгө нуух тухай ойлголт яригдахгүй. Үнэт уран зураг, урлагийн бүтээл, үл хөдлөх хөрөнгө, шилтгээнүүд, үнэт чулуу, тансаг эд зүйлс, зарим тохиолдолд хурдан морийг хүртэл мөнгө угаалтын хэрэгсэл болж ашиглагддаг байж болзошгүй баримт мэдээллүүд гарч ирж байна. Гуравдугаарт, улс орны улс төрийн нөлөөллийн асуудал гарч ирдэг. Дэлхийн улс орнуудын сонгууль, улс төрийн шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх оролдлого, өндөр албан тушаалтнуудтай холбоо тогтоох зэрэг асуудлууд гарч ирдэг. Дэлхий даяар ийм хэмжээний улс төр, санхүүгийн нөлөөлөл гэмт хэргийн сүлжээ ил боллоо. Манай улсын хоёр ч Төрийн тэргүүн энэ сүлжээтэй холбоо тогтоосон  байна. Тэгэхээр Монгол Улс хууль бус санхүүгийн урсгал, улс төрийн ашиг сонирхлын энэ сүлжээнээс өөрсдийгөө ангид гэж үзэх боломжгүй. Ил болсон баримт, олон нийтэд нээлттэй материалуудыг судалж, Монголтой холбоотой улс төр, бизнесийн хүрээний ямар нэг холбоос, сэжүүр байгаа эсэхийг нягтлах нь иргэний хяналт, үндэсний аюулгүй байдлын хүрээнд чухал гэж үзэж байна. Миний дэлгэж байгаа баримт материалуудад эргэлзэх зүйл байхгүй. АНУ-ын Хууль зүйн яамны сайт дээр бүгд нээлттэй ил тод байгаа баримтуудыг дэлгэж байна.

-Улс орны улс төрийн сонгууль, шийдвэр гаргалтад нөлөөлсөн баримтууд байна гэлээ.  Энэ талаар жаахан дэлгэрүүлж яриад дараагийн асуудалдаа оръё.  Монголын сонгуулиудад яаж нөлөөлсөн байдаг вэ?

-2016 оны УИХ-ын сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой мэдээллүүд харилцсан е-мэйл болон холбогдох баримтуудад дурдагдсан байна.

Тухайн үеийн сонгуулийн нөхцөл байдал, улс төрийн өрнөл, нэр дэвшигчидтэй холбоотой мэдээллүүдийг цаг тухайд нь дамжуулсан. Мөн “60 тэрбум”-ын бичлэгийг АНУ-ын студид шинжлүүлсэн асуудалд Ж.Эпштейн  оролцсон гэдэг нь тогтоогдсон. Мөн тухайн үеийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга ялсны дараа түүнд баяр хүргэж, баяр талархал илэрхийлсэн байдаг. Мөн Ч.Ганбат гэх хуулийн фирмийн захирал тухайн үеийн улс төрийн мэдээллүүдийг тогтмол хүргэж, харилцан дэмжлэг туслалцаа авч байсан тухай е-мэйлүүд ч байна. Тэгэхээр одоо хамгийн гол асуудал нь дэмжлэг, туслалцаа гэдэг нь чухам юу байв гэдгийг шалгах хэрэгтэй. Парламент энэ асуудалд Хянан шалгах түр хороо байгуулж болно. Мөн Засгийн газрын түвшинд ажлын хэсэг байгуулан ажиллаж болно. УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой  маш ноцтой баримтууд тэнд байна.

-2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 60 тэрбумын хэргийн бичлэгийг шалгах асуудалд Ж.Эпштейн оролцсон юм байна. 2016 оны УИХ-ын сонгуульд яаж оролцсон тухай тодорхой баримт байна уу?

-2016 оны сонгуультай холбоотой баримтууд дотор саппорт буюу дэмжлэг үзүүлсэн агуулгатай олон емэйл байна. Тухайлбал, “Таны үзүүлсэн дэмжлэгт маш их баярлалаа”, “Та маш хүчтэй дэмжлэг үзүүллээ”, “Цаашид ч энэ дэмжлэгээ үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн агуулгатай харилцаанууд байна. Энд хамгийн чухал нэг асуулт бий. Дэмжлэг гэж яг юуг хэлээд байна вэ.

Манай Сонгуулийн хуульд гадаадын байгууллага, иргэн, хуулийн этгээдээс аливаа хэлбэрээр хандив, тусламж, дэмжлэг авахыг хатуу хориглодог.  Хэрэв тэр дэмжлэг нь энэ төрлийн дэмжлэг байсан бол маш ноцтой асуудал болж яригдана. Энэ бүхнээс харахад Ж.Эпштейн манай улсын 2016, 2017 оны төрийн сонгуулиудтай ямар нэгэн байдлаар холбогдож байна.

Үүнийг төр, засаг, хууль хяналтын байгууллагууд албан ёсоор шалгаж тогтоох ёстой. Иргэн хүн мөрдөн шалгах ажиллагаа явуулах, гэрчээс мэдүүлэг авах, баримт бичигт шинжилгээ хийх эрхгүй. Харин ийм бүрэн эрх, боломж нь төрийн байгууллагуудад бий. Тиймээс энэ асуудалтай холбоотойгоор тухайн үед улс төрийн шийдвэр гаргах түвшинд ажиллаж байсан хүмүүсээс тайлбар, тодруулга авах шаардлагатай. Тухайлбал,  Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга, тэдний зөвлөх, хууль ёсны төлөөлөгч  нар нь болох Ч.Ганбат, Л.Пүрэвсүрэн нараас яагаад харьцаж байсан. Ямар төрлийн дэмжлэг авч байсныг нь ярих хэрэгтэй. Мөн УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн нэр дурдагдсан маш урт мэйл байсан.  Үүнийг би шинжлэн судлах ёстой гэж үзэж байгаа.

-Нэр холбогдсон улстөрчид “Ж.Эпштейнтэй санаандгүй таарсан”, “Хамт оройн хоол идсэн”, “Сайн танихгүй, мэдэхгүй” зэрэг тайлбар өгсөн байна лээ.  Ер нь улс төрийн мэдэгдлээр энэ асуудлыг хааж өнгөрөх боломжтой юу.  Та юу гэж харж байна вэ?

-Мэдээж боломжгүй. “Би холбоогүй”, “Би мэдэхгүй”, “Би буруугүй” гэсэн нэг өгүүлбэрээр хаагаад өнгөрөх асуудал биш. Тухайлбал, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зөвлөхөөр ажиллаж байсан, Гадаад харилцааны сайд асан Л.Пүрэвсүрэнтэй холбоотой ноцтой асуудлууд ил болсон шүү дээ. Хэдэн зуун сая ам.долларын үнэлгээтэй уран зураг, үнэт чулуу, үл хөдлөх хөрөнгө зэрэг хөрөнгө оруулалтын шинжтэй саналууд илгээсэн байна. 

Бүүр Ж.Эпштейн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Л.Пүрэвсүрэн нарт “140 сая ам.долларын үнэ бүхий уран зурагнууд, 80 сая ам.долларын үнэ бүхий алмаз чулуунууд, 250 сая ам.долларын үнэ бүхий орд харшууд маш их хямдарсан байна гэж санал болгож байжээ. Эндээс логикийн хувьд нэг асуулт гарч ирж байгаа юм. Хүн зүгээр нэг танихгүй, ямар ч холбоогүй хүнд ийм хэмжээний хөрөнгө, үнэт эдлэл, орд харш худалдан авахыг санал болгоод байдаггүй.

Өмнө нь ийм төрлийн сонирхол, харилцаа, эсвэл хөрөнгө оруулалтын яриа байжээ. Мөн Дубайд болсон морин тойруулгын тэмцээнтэй холбоотой харилцаанууд гарч ирдэг. Монголын нөлөө бүхий хүмүүс оролцох гэж байгаа тухай. Урилга, тасалбар, суудлын захиалга гэсэн хүсэлтүүд явуулж байсан. Тухайн үеийн буюу 2014 оны “Dubai World Cup”-тай холбоотой VIP тасалбарууд маш өндөр үнэтэй байсан. 8-23 сая төгрөгийн үнэтэй байжээ. Энэ тэмцээнийг манай хүмүүс үзжээ. 12 жилийн өмнө Төрийн өндөр албан тушаалтнууд нь тасарсан амьдралтай байжээ. Бид түүнийг мэдээгүй байжээ. Тэгэхээр энэ бүхнийг зүгээр нэг улс төрийн мэдэгдлээр хаах боломжгүй. Ялангуяа Ц.Элбэгдорж шиг Монгол Улсын төрийн тэргүүнээр хоёр удаа сонгогдон ажиллаж байсан хүний тухай асуудал яригдаж байгаа нь зүгээр нэг хувь хүний асуудал биш, төрийн хэмжээний асуудал болж хувирна. Ц.Элбэгдорж цалингаараа ийм хэмжээний хөрөнгийг бий болгож чадахгүй. Энд асар их хэмжээний хөрөнгө мөнгө, баялгийн асуудал байна. Монгол Улсын баялаг, төрийн шийдвэр, үндэсний эрх ашигтай холбоотой асуудал яригдаж байхад  бид үл тоогоод өнгөрөхгүй.

-Та одоогоор 11 пост, баримтыг цахим орчинд нийтэлсэн байна. Хуулийн байгууллагаас баримт мэдээллийн дагуу ямар нэгэн шалгалт эхлүүлсэн зүйл байгаа болов уу. Танд ямар мэдээлэл байна вэ?

-Одоогоор мэдэгдсэн зүйл байхгүй байна. Энд анхаарах ёстой бас нэг чухал зүйл нь байгалийн баялагтай холбоотой асуудал юм. Ж.Эпштейн файлд Тугалгатайн ордтой холбоотой мэдээлэл байдаг. Энэ мэдээллийг “Бодь” группийн нэг хэсэг болох Голомт банкнаас явуулсан байдаг. Энэ ордын нөөц нь ойролцоогоор гурван тэрбум тонн нүүрс байна. Зарим томоохон стратегийн ордуудтай харьцуулахад маш их нөөцтэй. Одоогоор та бид энэ ордын мэдээллийг Ж.Эпштейн файлаас авч байна шүү ээ. Улсын нууц ч юм бил үү. Гэтэл яагаад тэнд энэ мэдээлэл очсон бэ. Үүнийг шалгах ёстой. Голомтын Ж.Эпштейнд очсон мэдээлэлд Менделеевийн үелэх системийн олон элемент Монголын нутагт байдаг тухай дурдсан байсан шүү дээ. Ямар зорилго байна вэ. Ер нь томоохон хэмжээний орд, баялгийн мэдээлэл хаа хамаагүй ашигладаг зүйл биш. Улс орон ээлж дараатай, бодлоготой дэлгэх ёстой. Гэтэл бидний мэдэхгүй бидний баялгийг нэг компани, нэг бүлэглэл, эсвэл улс төрд нөлөө бүхий сүлжээ ашиглаж байна. Энэ өөрөө шалгах ёстой асуудал. Тугалгатайн орд гэж нэрлэгдэж байгаа орд үнэхээр Монголын өмч мөн үү, биш үү гэдэг нь тодорхой байх ёстой.

-Ж.Эпштейн файлын хамгийн ноцтой нь хүний эрх, тэр дундаа охидтой холбоотой асуудал. Та зарим чат, харилцааны мэдээллийг олон нийтэд гаргасан. Тэнд Монгол охидтой холбоотой яриа, харилцааны шинжтэй ямар агуулгууд байна вэ?

-Маш олон байна. Тухайлбал, нэг чат дээр “Удахгүй Нью-Йоркт уулзахдаа нэг сюрпризтэй ирнэ, тэр нь Монгол охин байна” гэх мэт агуулга байсан. Нөгөө тал нь ч “Сайхан мэдээ байна, тэсэн ядан хүлээж байна” гэх байдлаар хариу өгсөн байна. Үүнийг би хүний наймаатай холбоотой байж болзошгүй гэж хардаж байгаа. Мөн өөр нэг чат дээр “Тэр охин визээ хүлээж байна, би дахиад шалгаад мэдээлэл өгье” гэсэн утгатай яриа байсан. Үүнийг энгийн харилцаа гэж үзэхэд хэцүү. Харилцсан хүмүүсийн нэрийг бүрэн нийтлээгүй, зарим хэсгийг дарсан байсан. Энэ бүхэн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, зөвлөх Л.Пүрэвсүрэн нартай холбоотой байж магадгүй байна. Ц.Элбэгдоржийн өргөж авсан хүүхдүүд хаачсан бэ гэдгийг эхлээд шалгах хэрэгтэй. Энэ бол хүний эрх, эмэгтэйчүүдийн эрх, хүний наймааны асуудал. Монгол охидын талаар хайлтын үр дүн гарч байгаа л бол Монголын төр, парламент, иргэд энэ асуудлыг зүгээр хараад сууж болохгүй. УИХ-ын эмэгтэй гишүүд маань ч яагаад дуугарахгүй байна вэ. Би гайхаж байна. Тэд Монголын эмэгтэйчүүдийн төлөөлөл мөн биз дээ. Тэд өөрсдөө эмэгтэйчүүдийн квотын төлөө өрсөлдөж, парламентад орж ирсэн хүмүүс. Тэгвэл эмэгтэйчүүдийн асуудал яригдаж байхад дуугарах ёстой. Энэ асуудал өөрөө хувь хүнээс давсан асуудал болчихлоо. Миний харж байгаагаар шалгалт эхлэх цэг нь тодорхой. Тухайлбал тухайн үед гадагшаа явсан, холбоотой байж болзошгүй охидын мэдээлэл, виз, зорчих хөдөлгөөн, гэр бүлийн мэдээлэл зэрэг зүйлсээс эхэлж шалгаж болно. Хамгийн чухал нь энэ бүхнийг хуулийн хүрээнд, баримтад тулгуурлаж шалгах хэрэгтэй.

-Та энэ асуудлыг нэлээн судалсан. Ер нь Ж.Эпштейн яагаад Монгол Улсыг “овоо хараа”-ндаа авч, Монголын улстөрчидтэй холбоо тогтоов. Үүний цаана ямар ашиг сонирхол байна вэ.  Магадгүй байгалийн баялаг уу?

-Чиний харж байгаа өнцөг, миний харж байгаа өнцөг үндсэндээ адилхан байна. Гол асуудал нь баялаг. Баялгийг захиран зарцуулж байгаа, их хэмжээний хөрөнгөтэй, авлига үүсгэж болзошгүй, итгэж болохгүй хүмүүс юу ч хийхэд бэлэн. Ийм хүмүүсийн шунал өндөр түвшинд хүрсэн байдаг. Хэрэглээ, зардал, нөлөөллийн цар хүрээ нь асар том. Түүн дээр л тоглолт хийсэн. Зарим мэдээллээс харахад Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Л.Пүрэвсүрэн нар бүх байрлалаа мэдээлж байсан байдаг. Эдгээр нь дэлхий даяар тархсан сүлжээ мэт дүр зургийг харуулж байна. Ер нь Монголын баялгийг гадагш чиглүүлэх, тодорхой ашиг сонирхлын сүлжээ байжээ гэсэн дүгнэлттэй байна. Тэр үед хийгдсэн Оюутолгой, Дубайн гэрээний лоббиг ч Ж.Эпштейн хийсэн нь баттай шүү. Одоогоор миний дэлгэсэн баримтууд тал хувьдаа ч хүрээгүй. Цаашид юу гарч ирэхийг таашгүй байна.  Тухайлбал, өмнө нь “Panama Papers” зэрэг олон улсын баримтуудаар олон орны хүмүүс ил болж байсан. Түүн шиг дахин шинэ баримтууд гарч ирж магадгүй. Иймээс энэ бүх асуудлыг зөвхөн нэг хэсэгт нь биш, цогцоор нь авч үзэж, Монгол Улсын хэмжээнд хууль хяналтын байгууллага, Засгийн газар, УИХ-ын түвшинд албан ёсоор шалгах шаардлагатай гэж би үзэж байна.

3 1

3 2

3 3

3 4

3 5

3 6

3 7

3 8

3 9

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 5. МЯГМАР ГАРАГ. № 85 (7827)

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.