🔴О.Цоодол: АН-д шинэ залуу, эрч хүчтэй боловсон хүчин хангалттай бий
Ардчилсан намын Ахмадын холбооны тэргүүн О.Цоодол цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр 1990 оны Цагаан морин жил Ардчилсан намыг анх үүсгэн байгуулалцаж, тэмцлийн тэргүүн эгнээнд явсан ахмад гишүүдийнхээ төлөөллийн хамт намын даргадаа албан шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдэв.
Ардчилсан намын Ахмадын холбооны тэргүүн О.Цоодол:
-Ахмад гишүүдийн зүгээс намын дотоод шинэчлэлт, өөрчлөлтийн хүрээнд хийгдэж буй зарим томилгоонд бид шүүмжлэлтэй байна. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр С.Баярцогтыг томилсон явдлыг эрс эсэргүүцэж байна. Нам байгуулагдсан цагаас хойш хэн нь ямар албан тушаал хашиж, ямар алдаа дутагдал гаргаж байсныг ахмадууд нэг бүрчлэн сайн мэднэ.
С.Баярцогт нь өмнө нь сая ам.долларын асуудалд нэр холбогдож, гурван шатны шүүхээс ял сонсож байсан учраас намын гал тогоог хариуцах ёсгүй. Ардчилсан нам ирэх шат шатны сонгуулиудад ялалт байгуулъя гэж зорьж байгаа бол хууль хяналтын байгууллагад нэр холбогдсон хүнийг энэ албан тушаалд тавьж болохгүй. Бидний шаардлагыг хүлээж авахгүй бол ахмадууд тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ.
Ахмад гишүүд өдөр шөнөгүй над руу холбогдож, намын удирдлагуудад энэ асуудлаар шаардлага тавьж ажиллахгүй бол холбооны тэргүүний албан тушаалаасаа огцрохыг шаардаж эхэлсэн.
Ахмадын холбооноос Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд тодорхой хүний нэр цохож тулгахгүй. Ардчилсан намд энэ ажлыг аваад явчих чадалтай, шинэ залуу, эрч хүчтэй боловсон хүчин хангалттай бий. Тиймээс ирэх тавдугаар сарын 6-нд хуралдах Үндэсний бодлогын хорооны хурлаар С.Баярцогтоос татгалзаж, намын Ерөнхий нарийн бичгийн даргаар шинэ залуу үеийн төлөөллийг томилохыг уриалж байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.