"Хөрсний ус, үерийн хамгаалалт" төсөлд шуудуу ухалгүйгээр доторлох технологийн ашиглана
Улаанбаатар хотын инженерийн дэд бүтцийн шинэчлэл зайлшгүй шаардлагатай болсон энэ үед “Хөрсний ус, үерийн хамгаалалт” төсөл нь стратегийн ач холбогдолтой юм. Бохир усны төвлөрсөн систем нь 1963 оноос хойш үе шаттайгаар хөгжсөөр 1100 гаруй км урт болсон ч, түүний 58 хувь нь 30–60 жилийн насжилттай, 86.7 км шугам нь ашиглалтын хугацаа хэтэрсэн нь хотын хэвийн үйл ажиллагаанд эрсдэл үүсгэж байна. Энэ нь зөвхөн техникийн асуудал бус, иргэдийн эрүүл мэнд, байгаль орчинд шууд нөлөөлөх хүчин зүйл юм.
Тиймээс “Хөрсний ус, үерийн хамгаалалт” төсөлд шуудуу ухалгүйгээр доторлох орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж байгаа нь онцлог аж. Энэхүү технологи нь хуучирсан шугам хоолойг уламжлалт арга буюу газар ухаж шууд солихгүйгээр дотор талаас нь шинэчлэх боломжийг олгодог.
Ингэснээр зам талбай сэтлэх, хөдөлгөөн хаах зэрэг хүндрэл эрс багасаж, хотын өдөр тутмын амьдралд үзүүлэх сөрөг нөлөө хамгийн бага түвшинд хадгалагдана. Мөн барилгын ажлын явцад үүсэх тоосжилт, дуу чимээ, хөрсний эвдрэл буурч, байгаль орчинд ээлтэй шийдэл болж байна.
Төслийн хүрээнд нийт 40 орчим км бохир усны шугамыг шинэчилж, 350 орчим худгийг засварлахаар төлөвлөсөн. Үүний үр дүнд шугам сүлжээний нэвтрүүлэх чадвар 20–30 хувиар нэмэгдэж, ашиглалтын хугацаа 30–50 жилээр уртасна. Инженерийн системийн найдвартай байдал дээшилснээр гэнэтийн эвдрэл, осол, доголдлын давтамж мэдэгдэхүйц буурах юм. Хамгийн чухал нь энэхүү шинэчлэл нь иргэдийн амьдрах орчны чанарт шууд эерэг нөлөө үзүүлнэ.
Бохир усны алдагдал, нэвчилт буурснаар хөрс болон газрын доорх усны бохирдол багасч, эвгүй үнэр, халдвар тархах эрсдэл буурна. Энэ нь нийтийн эрүүл мэнд, ариун цэврийн нөхцөлийг сайжруулахад бодит хувь нэмэр оруулах юм.
Нөгөөтэйгүүр, ус зайлуулах системийн хүчин чадал нэмэгдсэнээр их хэмжээний бороо, үерийн үед бохир ус халих, гудамж талбай усанд автах эрсдэл буурна. Ингэснээр Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулахад чухал нөлөө үзүүлэх бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд илүү дасан зохицох боломж бүрдэнэ.
Энэхүү төсөл нь Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдаж байгаа бөгөөд дэд бүтцийн шинэчлэл, өргөтгөлийг эрчимжүүлэхээс гадна байгаль орчин, нийгмийн тогтвортой хөгжлийг дэмжих зорилготой. Мөн төслийн хэрэгжилтийн явцад дотоодын аж ахуйн нэгжүүдийн оролцоо нэмэгдэж, ажлын байр бий болох, инженер техникийн ажилтнуудын ур чадвар дээшлэх, байгууллагуудын хамтын ажиллагаа сайжрах зэрэг эдийн засаг, нийгмийн олон талт эерэг үр өгөөж бий болно.
“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төсөл нь зөвхөн хуучирсан шугам солих ажил биш, Улаанбаатар хотыг илүү аюулгүй, эрүүл, тогтвортой ирээдүйд хүргэх суурь дэд бүтцийн шинэчлэл юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.