Монгол, БНСУ эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон-ыг хүлээн авч уулзан, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд сайд Э.Батшугар хоёр улсын харилцаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд өргөжин хөгжиж байгааг онцолж, эрүүл мэндийн салбар нь хамтын ажиллагааны чухал чиглэл гэдгийг тэмдэглэв. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард хоёр улсын Эрүүл мэндийн яамд хооронд байгуулсан хамтын ажиллагааны тохиролцоо нь салбарын хөгжилд чухал алхам болсныг дурдлаа.

Талууд уг тохиролцоонд туссан ажлуудыг бодитоор хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд анхаарахаар санал нэгдсэн байна. Мөн уулзалтын үеэр Хавдар судлалын үндэсний II төвийг байгуулах асуудлаар ярилцаж, уг төслийг дэмжихийг Элчин сайдаас хүслээ.
Монгол Улсын Засгийн газраас эмийн үнэ, чанарыг сайжруулах бодлогыг хэрэгжүүлж буйг сайд онцлон дурдаж, БНСУ-аас чанар, аюулгүй байдал хангасан эм, эмнэлгийн бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхлоо илэрхийллээ.
Элчин сайд Чой Жин Вон сайд Э.Батшугарыг албан тушаалд томилогдсонд баяр хүргэж, ажлын амжилт хүсэн ерөөв. Тэрээр хоёр улсын Эрүүл мэндийн яам хооронд байгуулсан шинэ тохиролцоог чухал ач холбогдолтойг онцолж, цаашид бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм. Мөн Хавдар судлалын үндэсний II төвийг байгуулах төсөлд онцгой анхаарал хандуулж, хамтран ажиллахаа дахин бататгалаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.