Судалгаа, инженерийн төслүүдийг хэрэгжүүлэх хүрээнд “TRGTEQ” компанитай хамтран ажиллана
Уул уурхай болон томоохон инженерийн байгууламжийн чиглэлээр геотехник, геологийн судалгаа, шинжилгээ хийдэг “Trigteq” компани нь 2015 оноос хойш Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байна.
Тус компани нь судалгаанд суурилсан газрын хэвлийн бүтээн байгуулалтын төлөвлөлт, зураг төсөл, дэд бүтэц болон иргэний инженерчлэлийн үе шатанд ашиглагдах өгөгдлийг цуглуулах, боловсруулж нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх, мөн 3D загварчлалын дэвшилтэт программ хангамж ашиглан дижитал ихэр (digital twin) үүсгэх зэрэг цогц үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.
Үүний зэрэгцээ дээрх технологийг Монгол Улсад нутагшуулах чиглэлээр олон улсын судалгаа, шинжилгээний байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна.
“Нэгдсэн төслийн удирдлагын газар”-ын захирал Э.Түвшинжаргал болон “Trigteq” компанийн гүйцэтгэх захирал Г.Цолмон нар 2026 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр уулзаж, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, боломжуудын талаар санал солилцсон байна.
Санамж бичгийн хүрээнд PLAXIS программ хангамжийг Монгол Улсад нутагшуулах, мэргэжлийн боловсон хүчнийг хамтран бэлтгэх, олон улсын тэмцээн, арга хэмжээнд хамтран оролцох, түүнчлэн судалгаа, инженерийн төслүүдийн хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон. Уулзалтын үеэр талууд PLAXIS программ хангамжийн хэрэглээ, нутагшуулалт, цаашдын хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцсэн бөгөөд ялангуяа “Улаанбаатар метро” төсөл болон бусад томоохон төслүүдэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.