🔴Б.Мөнхсоёл: Иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс оффтeйк гэрээг хянан шалгах түр хороо байгуулах нь зөв
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр иргэдийн мэдэх эрхийг хангах, нийгэмд үүссэн хардалт сэрдэлтийг мухарлах үүднээс нээлттэй сонсгол зохион байгуулахыг дэмжиж, гарын үсэг зурснаа мэдэгдэв.
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл:
-УИХ-ын гишүүд иргэдийг төлөөлж, улс орны эрх ашигт үйлчлэх ёстой. Хууль эрх зүйн орчинд заагдсан хяналт шалгалт, сонсгол явуулах эрхээ эдлэх нь ардчилсан нийгмийн ил тод, хариуцлагатай байдлын илрэл.
Хянан шалгах түр хороо байгуулж, сонсгол явуулахын тулд 32 гишүүний гарын үсэг шаардлагатай. Одоогоор 10 орчим гишүүн дэмжээд байгаа. Энэхүү санаачилгыг бусад гишүүд, тэр дундаа нүүрсний хулгайтай тэмцэхээ илэрхийлж байсан эрх баригч намын гишүүд ч дэмжинэ гэж найдаж байгаа. Сонсгол явуулснаар нэг талд хэн нэгнийг гүтгэсэн эсэх, нөгөө талд бодит хариуцлагын асуудал яригдах эсэх нь тодорхой болж, нийгэм дэх эргэлзээ тайлагдах ач холбогдолтой гэж үзэж байна.
Өнөөдрийн байдлаар төсвийн орлого 720 тэрбум төгрөгөөр тасарч, төсвийн тэнцэл 1.4 их наяд төгрөгийн алдагдал руу дөхөж байна гэж харагдаж байна. Онцгой болон орлогын албан татварын гүйцэтгэл сул байгаа. Мөн төсөвт төвлөрөх ёстой байсан их хэмжээний хөрөнгө мөнгө буруу замаар орсон байж болзошгүй асуудал нь үндэсний эрх ашигт хамаарах ноцтой сэдэв. Энэ бүхнийг хяналт шалгалт, сонсголоор илрүүлэх, эсвэл улс төржилт байсан эсэхийг эцэслэн тогтоох шаардлагатай.
Парламентын үйл ажиллагааны тогтворгүй байдалд санаа зовниж байна. Засгийн газар болон УИХ-ын дарга гурван удаа солигдож, чуулганы ирц, хуралдааны чанар хангалтгүй байгаа. Аж ахуйн нэгжүүд, хувиараа бизнес эрхлэгчид болон иргэдийн дунд татварын багц хууль зэрэг амьдралд шууд нөлөөлөх олон асуудал хүлээгдэж байхад улс төржиж цаг алдах нь өрөөсгөл. Гишүүд үүргээ ухамсарлан, хариуцлагатай ажиллаж, улс төрийн нөхцөл байдлыг хурдан тогтворжуулан, иргэдийн амьдралд тулгамдсан асуудлуудыг шуурхай шийдвэрлээсэй гэж хүсэж байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.