🔴О.Цогтгэрэл: Эрх баригч нам коммунист арга барилаасаа салах ёстой
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр Туулын хурдны зам, нүүрсний хулгайн асуудалтай холбоотой гэрээнүүд болон намын дотоод асуудлаар байр сууриа илэрхийллээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-Бодь интернэшнл болон Харбины гэрээ, хил холболттой холбоотой авлигын асуудлаар хяналтын түр хороо байгуулж, нээлттэй сонсгол явуулахыг Ардчилсан нам дэмжиж байгаа. Энэ ажлыг УИХ-ын гишүүн Д.Ганбат санаачлан гарын үсэг цуглуулж эхэлсэн. Эрх баригч МАН-ыг зорилгодоо хүрэхийн тулд ямар ч арга ашиглаж болно гэдэг коммунист арга барилаар ажиллаж байна. Аливаа асуудлыг хаалттай, авлигажсан байдлаар шийдэж, эсэргүүцсэн иргэдийг бүтээн байгуулалтыг гацаагч хэмээн цоллож байгаа нь өнөөгийн ардчилсан нийгэмд нийцэхгүй.
Туулын хурдны замын төслийн тухай Засгийн газрын шийдвэр буруу. Түгжрэлийг бууруулах нэрээр эдийн засагт хэр хэмжээний өр тавих, байгаль орчинд хэрхэн нөлөөлөх нь хамаагүй мэт хандаж байгаа. Энэ төсөл нь Э.Бат-Үүл, Н.Батбаяр нарын үед яригдаж байсан төслөөс трасс, өртөг, байгаль орчны нөлөөллийн хувьд тэс өөр гэдгийг анхны санаачлагчид нь хэлж байгаа.
Ардчилсан намын дарга асан З.Энхболдтой очиж уулзсан. Хоёр сарын дотор шүүх хурал нь болох хүлээлттэй байгаа. Харин намын гишүүн Я.Санжмятав, Д.Одхүү нар Иргэний зориг ногоон намд элссэн асуудлыг хувь хүний улс төрийн сонголт. Д.Одхүү шийдвэрээ утсаар холбогдон урьдчилан надад мэдэгдсэн байсан.
Бүлгийн даргаар сонгогдох хүн нь ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэдэг, туршлагатай, чадвартай байхаас гадна парламентын дархлааг хамгаалж чадахуйц хараат бус, бие даасан хүн байх ёстой. Шинэ даргыг УИХ-ын тухай хуулийн дагуу бүлгийн гишүүд дотроосоо санал хурааж шийдвэрлэнэ гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.