🔴Б.Жавхлан: Туулын хурдны замын төслийг зогсоох шаардлагагүй
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр нүүрсний гэрээ болон Харбины гэрээг хянан шалгах түр хороо байгуулах санаачилгыг бүрэн дэмжиж байгаагаа мэдэгдэв.
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлан:
-Улсын төсөв, олон улсын санхүүжилттэй холбоотой асуудлыг хянан шалгах, ил тод байлгах, ард түмний мэдэх эрхийг хангах нь УИХ-ын үндсэн үүрэг. Хэрэв буруу зүйл байвал таслан зогсоож, зөв зүйл байвал дэмжээд явах ёстой.
Харбин, Эрээний асуудал дээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн байр суурийг дэмжиж байгаа. Олон улсын харилцааны асуудал дээр салбарын сайдын үгийг сайн сонсох шаардлагатай. УИХ-аар соёрхон баталсан олон улсын ерөнхий хэлэлцээрт үнийн асуудал тусгагддаггүй. Хоёр аж ахуйн нэгжийн хоорондын үнэ өртгийн асуудал нь тусдаа ойлголт.
Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын ажлыг дөнгөж хүлээж аваад байна. УИХ-ын чуулганы санал хураалтын төхөөрөмжтэй холбоотой ойлгомжгүй асуудлууд, бусад нарийн ширийн зүйлстэй бүрэн танилцаж амжаагүй байгаа. Энэ асуудлуудыг сайтар судалж, танилцсаныхаа дараа албан ёсны мэдээлэл өгнө. Мөн Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийн ажлын хэсэг болон УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлын талаар одоогоор бүрэн мэдээлэлгүй байгаа.
Нийслэлийн түгжрэлийг бууруулах зорилготой Туулын хурдны замын төслийг зогсоож болохгүй. 2.3 их наяд төгрөгийн төсөв болон байгаль орчны үнэлгээг эргэж харах шаардлагатай гэж үзэж байна. Энэ төсөл нь гэнэт гарч ирсэн зүйл биш. Сүүлийн 10-20 жил яригдаж, өмнөх болон одоогийн УИХ-аар хэлэлцэгдэн мега төслүүдийн жагсаалт, дөрвөн жилийн төлөвлөгөөнд орсон улс оронд хэрэгтэй төсөл. төслийг гацаанаас гаргахын тулд төсөв болон байгаль орчны үнэлгээний асуудлыг УИХ дээр дахин нарийвчлан хэлэлцэх нь зүйтэй гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.