🔴Ж.Алдаржавхлан: Дэлхийн томоохон хотуудын жишгээр Улаанбаатар хотод тойрог хурдны зам гарцаагүй хэрэгтэй
Засгийн газрын гишүүн Ж.Алдаржавхлан соёл, спорт, боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсний ялгаатай байдал болон нийслэлд хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан тойрог хурдны замын төслийн талаар өөрийн байр сууриа илэрхийллээ.
Засгийн газрын гишүүн Ж.Алдаржавхлан:
-Багш, эмч, соёлын ажилтнуудын цалингийн зөрүү ихсэж, тэгш бус байдал үүсэж байна. Багш нарын цалингийн тооцооллыг буруу хийснээс үүдэн улсын төсөвт ирэх ачаалал эрс нэмэгдсэн. Гэсэн хэдий ч Засгийн газар нэгэнт амласан цалингаа олгох ёстой бөгөөд цаашид төсвийн тодотгол хийх үед энэхүү асуудлыг эргэн харж, цэгцлэх шаардлагатай.
Нийслэлийн түгжрэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан Туулын хурдны замын төсөл нь дэлхийн томоохон хотуудын жишгээр Улаанбаатар хотод тойрог хурдны зам гарцаагүй хэрэгтэй. Гэхдээ уг төсөлтэй холбоотой хууль хяналтын байгууллагын шалгалт дуусаж, асуудал нэг тийш цэгцрэх хүртэл төслийг зогсоох Ерөнхий сайдын шийдвэрийг бүрэн дэмжиж байгаа. Хэрэв төслийн ард албан тушаалтнууд холбогдож, авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэгдсэн нь тодорхой бол хуулийн байгууллагаар сайтар шалгуулах нь зүйтэй.
Төслийн гүйцэтгэгч компаниудад урьдчилгаа болгон олгосон 627 тэрбум төгрөгийн асуудал гарсан. Энэ талаар хотын даргатай уулзаж тодруулахад Засгийн газрын тогтоол албан ёсоор гарсны дараа нийслэлээс тухайн компаниудаас мөнгөө буцаан нэхэмжлэхээр төлөвлөж байгаа гэсэн. Энэ төслийн асуудалд нийслэлийн удирдлагууд хэт яарч, богино хугацаанд үр дүн үзүүлэхийг зорьсноос үүдэн байгаль орчны үнэлгээ, дүгнэлтийг дутуу гаргасан гэж үзэж байгаа.
Тендер шалгаруулалтын тухайд одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн дагуу хамгийн бага үнийн санал өгсөн дөрвөн компани шалгарсан гэх тайлбарыг өгсөн. Эдгээр багц ажлыг авсан компаниудын ард ямар нэгэн улс төрч байгаа бол бүгдийг нь ил тод зарлаж, олон нийтэд нээлттэй болгох ёстой. УИХ-ын чуулган болон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар яригдаж байгаа Сэлбэ дэд төвийн асуудлыг ч бас анхааралдаа авч, цаашид хуулийн дагуу ил тод шийдвэрлэх шаардлагатай гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.