Их Британийн эрдэмтэд вэйп хүүхэд, залуусын дунд менингококк халдварыг дамжуулах нэг эрсдэл болж байгааг анхаарууллаа

Их Британийн эрдэмтэд вэйп хүүхэд, залуусын дунд менингококк халдварыг дамжуулах нэг эрсдэл болж байгааг анхаарууллаа

Сурагчид мөнгөө нийлүүлж нэг вэйп (электрон тамхихудалдаж аваад түүнийгээ хэдэн арвуулаа хувааж татдаг тухай Ховд аймгийн Жаргалант сумын сургуулийн сурагч ярьж байв. Нийслэлийн ЕБС-ийн багш нар ч ийм тохиолдол байгаа тухай ярьж байлаа.

Электрон тамхийг ингэж ам дамжуулан хэрэглэх нь шүлсээр дамжих халдвар буюу томуу, амьсгалын замын халдвар, хоолойн өвчин гээд олон төрлийн бактер болон вирусийн халдварыг дамжуулах зам болоод байна. Мөн вэйп нь өөрөө никотинтой тул донтуулах, өсвөр насны хүүхдүүдийн тархины хөгжилд хортой нөлөө үзүүлж байгаа нь тогтоогдсон. Үүнээс гадна EVALI хэмээх уушгины шинэ төрлийн өвчин үүсгэх болсон бөгөөд хорт хавдар үүсгэгч тэргүүн зэргийн бодисууд агуулагдаж байгааг олон улсад мэдээлж байна.

Дээр дурдсанчлан ам дамжуулан хэрэглэж байгаа хэрэглээ нь олон төрлийн халдвар дамжуулах зам болж байгаагаас хамгийн ноцтой нь менингококк халдвар нэрлэгдэж байна. Энэ оны гурвадугаар сард Их Британи улсад менингококк халдварын шинэ давлагаа үүссэн нь эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж, өнөөдрийг хүртэл судалгаа үргэлжилж байгаа ажээ. Уг халдварын үеэр хоёр хүүхэд амиа алдаж, 30 гаруй тохиолдол бүртгэгдсэнээр тус улсын Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлагаас электрон тамхинаас үүдэлтэй байх магадлалтай гэж үзэж байгаагаа зарлаж, залуучуудыг ундаа болон электрон тамхийг дамжуулан хэрэглэхгүй байхыг анхааруулжээ. 

 

Монгол Улсад электрон тамхины хэрэглээ огцом нэмэгдэж байгаа ч хуулийн зохицуулалтгүй байгаа юм. Тамхины хяналтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнгөрсөн оны аравдугаар сард УИХ-аар хэлэлцэхийг дэмжсэн ч өнөөдрийг хүртэл хэлэлцэж батлаагүй хүлээгдэж байна.

Тиймээс Хүний их эмч, орчны эрүүл мэнд судлаач Л.Дэлгэрзул нийтийн өргөдлийн цахим системд D-Petition сайтад Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг яаралтай хэлэлцэж батлуулах тухай өргөдөл гаргаад байна. Энэхүү хуулийн төсөл нь электрон тамхийг  бүрэн хориглох биш зөвхөн хууль эрх зүйн зохицуулалтад оруулж, хяналттай болгож байгаа ба насанд хүрээгүй хүүхдүүдийн хэрэглээг зогсоох зорилготой. Тиймээс хууль батлагдсанаар  сургуулийн орчинд вэйп татахыг бүрэн хориглож, багш, ажилчид шаардлага тавих эрх зүйн орчин үүснэ. Нөгөө талд уламжлалт янжуур тамхины ч татварыг нэмэгдүүлж, хамгийн өндөр түвшиндөө ирээд байгаа тамхины хэрэглээг бууруулахыг зорьжээ.

 

Цахим өргөдөлд саналаа өгөөрэй. Холбоос: https://petition.parliament.mn/Detail?id=3978e179-e91d-4095-ba9d-616fe23067ff 

6af70806a1ff4763a3b7e0a8f09c5b07

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.