АНУ-ын хүн амын 44 хувь нь бохирдолтой агаараар амьсгалж байна
Америкийн Уушгины холбооноос Эх дэлхийн өдрийг тохиолдуулан гаргасан 27 дахь удаагийн "Агаарын төлөв байдал" тайлангаар АНУ-ын хүн амын 44 хувь буюу 152.3 сая хүн эрүүл мэндэд ноцтой хор хөнөөл учруулахуйц бохирдолтой агаараар амьсгалж байгааг анхааруулсан байна.
Улс орон даяар агаарын чанар муудаж буй энэ үед Мэн мужийн Бангор хот тус холбооны "хамгийн цэвэр агаартай хот"-ын жагсаалтын бүх гурван үзүүлэлтэд өндөр үнэлгээ авсан цорын ганц хотоор шалгарсан байна.
Ойролцоогоор 33,000 хүн амтай Бангор хот нь өтгөн ойн бүрхэвчтэй бөгөөд хүнд үйлдвэрлэл байдаггүй нь үндэсний хэмжээнд агаарын чанар доройтож буй хандлагыг сөрөн зогсох гол давуу тал болжээ. Тус хот нь озон, жилийн турших тоосонцрын бохирдол болон богино хугацааны тоосонцрын бохирдол гэсэн гурван үндсэн ангилалд бүгдэд нь шилдэг үзүүлэлттэй гарсан нь онцгой тохиолдол болж байна.

Судалгааны мэдээллээс үзэхэд агаарын бохирдол хүүхдүүдэд хамгийн хүндээр тусаж байгаа бөгөөд 18 хүртэлх насны 33.5 сая хүн буюу АНУ-ын нийт хүүхдийн 46 хувь нь ядаж нэг төрлийн агаарын бохирдлын үзүүлэлтээр хангалтгүй үнэлгээ авсан бүс нутагт амьдарч байна.
Түүнчлэн бохирдлын ачаалал нийгмийн бүлгүүдэд харилцан адилгүй тусаж байгааг онцолсон бөгөөд өнгөт арьст иргэд цагаан арьстнуудтай харьцуулахад бүх гурван үзүүлэлтээр хангалтгүй үнэлгээтэй бүсэд амьдрах магадлал хоёр дахин өндөр байгааг тогтоожээ.
Агаарын чанар ийнхүү муудахад уур амьсгалын өөрчлөлт болон бодлогын ухралт шууд нөлөөлсөн байна. Уур амьсгалаас үүдэлтэй хэт халалт, ган гачиг, ойн түймрийн ноцтой улирал, тэр дундаа Канадын ойн түймрийн утаа АНУ-ын нутаг дэвсгэрт орж ирсэн нь олон арван жилийн турш агаарын чанарыг сайжруулахад гарсан ахиц дэвшлийг үгүй хийжээ. Үүний зэрэгцээ Трампын засаг захиргааны үед Байгаль орчныг хамгаалах агентлаг (EPA) цэвэр агаарын хамгаалалтыг сулруулж, эдийн засгийн дүн шинжилгээнээс эрүүл мэндийн зардлыг хассан нь байгаль орчин хамгаалагчдын түгшүүрийг төрүүлж байна.
Бангор хот цэвэр агаараараа тэргүүлсэн бол зарим хотууд бохирдлын түвшнээрээ сүүл мушгисан хэвээр байна. Калифорни мужийн Лос-Анжелес хот озоны бохирдлоороо улсдаа хамгийн мууд тооцогдсон бөгөөд уг тайлан гарсан 27 жилийн 26-д нь энэ сөрөг статусаа хадгалжээ. Мөн Калифорнийн Бейкерсфилд хот жилийн турших тоосонцрын бохирдлоороо долоо дахь жилдээ дараалан тэргүүлсэн бол Аляска мужийн Фэйрбанкс хот богино хугацааны тоосонцрын бохирдлоороо хамгийн муу үзүүлэлттэй гарсан байна.
Америкийн Уушгины холбооны энэ удаагийн дүгнэлт нь АНУ-ын хэмжээнд агаарын бохирдол нийгмийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулж буйг харуулсан тод дохио боллоо. Цаашид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй, байгаль орчны бодлогыг чангатгахгүй бол сая сая иргэдийн, тэр дундаа хүүхдүүдийн эрүүл мэнд эрсдэлд орсоор байх төлөвтэй байна.
Эх сурвалж:
• lung.org
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.