🔴НЗД-ын орлогч А.Амартүвшин: Иргэд шинжлэх ухааны үндэслэлгүй мэдээлэлд автахгүй байх хэрэгтэй

AI хөрвүүлсэн

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин нийгмийн эрүүл мэнд, хүүхэд хамгааллын чиглэлээр НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлж буй гурван томоохон ажлын талаар мэдээлэл өглөө. Тэрээр хүний папиллома вирус, хеликобактерийн халдвар болон үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг урт хугацааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлснийг онцолсон юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин:

-Нийслэлийн хэмжээнд умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч хүний папиллома вирусийн (ХПВ) эсрэг дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлж байна. Өнгөрсөн жилүүдэд вакцины хамрагдалт хангалтгүй байсан бол НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажилласнаар өнөөдрийн байдлаар 65.5 хувьд хүрчээ. Энэ үзүүлэлтийг зургаадугаар сарын 1-ний дотор 100 хувьд хүргэх зорилт тавьсан бөгөөд өмнөх жилүүдэд вакцинд хамрагдаж чадаагүй хүүхдүүдийг нөхөн дархлаажуулах ажлыг зохион байгуулна. Австрали улс 2007 оноос уг вакциныг нэвтрүүлснээр өдгөө умайн хүзүүний хорт хавдрыг устгасан улс болоход ойрхон байгаа. Иргэд шинжлэх ухааны үндэслэлгүй мэдээлэлд автахгүй байх хэрэгтэй. 

Дараагийн томоохон ажил бол хеликобактерийн халдвартай тэмцэх 3-4 жилийн хугацаатай хөтөлбөр юм. Эхний ээлжид нийслэлийн сургууль, цэцэрлэгүүдийн хүүхдүүдээс шинжилгээ авч, суурь судалгааг гаргасны үндсэн дээр Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран эмчилгээний ажлыг эхлүүлнэ. Мөн нийслэлийн төсвөөс 9.8 тэрбум төгрөг гаргаж, бүх төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийг аяга таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр хангаж байгаа бөгөөд хувийн хэвшлийн байгууллагуудад ч ижил стандарт шаардаж байна.

Хеликобактерийг устгахад гэр бүлийн орчин дахь ариун цэвэр хамгийн чухал. Аяга, таваг, халбага, сэрээг дундаа хэрэглэдэг буруу дадлаасаа татгалзаж, хүүхэд бүр өөрийн гэсэн аяга тавагтай байх шаардлагатай. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хорт хавдар үүсгэгч "А" зэрэглэлд багтаасан хиам, зайдас зэрэг боловсруулсан махан бүтээгдэхүүний хэрэглээнээс татгалзахыг уриалсан. Монгол Улсад жилд 1500 гаруй хүн хоол боловсруулах эрхтэн тогтолцооны хорт хавдраар нас барж байгаагийн дийлэнх нь хеликобактериас үүдэлтэй.

Гурав дахь чухал асуудал болох үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг хөтөлбөрийг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран боловсруулж дуусаж байгаа бөгөөд ирэх сард Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулна. Энэ хөтөлбөр нь нэг сарын аян төдийхнөөр хязгаарлагдахгүй, 2-3 жилийн хугацаанд хэрэгжинэ. Хүүхдийн эрхийн суурь ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэнэ. Энэ ажилд Хүний эрхийн үндэсний комисс зэрэг холбогдох байгууллагууд манлайлж, санаачилгатай ажиллах шаардлагатай гэв. 

НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөл энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байгаагаа мэдэгдэв. Уг санамж бичгийн хүрээнд ирэх гурван жилийн хугацаанд хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хоол тэжээл, усан хангамж, эрүүл ахуй, сэтгэцийн эрүүл мэнд болон хүүхэд хамгааллын чиглэлээр, тэр дундаа үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.