“Туулын хурдны зам” баригдсанаар голлох замуудын хөдөлгөөний ачаалал 5-30 хүртэлх хувиар буурах боломжтой
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Зөвлөлийн хурлаар “Туулын хурдны зам” төслийн тулгамдсан асуудал, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, төслийн явцыг хэлэлцэж, сонслоо.
Төслийг Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр танилцууллаа. “Туулын хурдны зам” болон “Тойрог хурдны зам” төсөл нь Улаанбаатар хотын урт хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдэд тусгасан, үе шаттайгаар хэрэгжих мега төслүүд юм. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар болон УИХ-ын холбогдох тогтоолууд болох “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тус тус багтсан төсөл юм.
Төслийн хүрээнд 2014-2015 онд 4 эгнээ бүхий 34.64 км авто зам, 1.36 км гүүрийн зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, нийт 36 км урттай хурдны замын суурь судалгааг хийж гүйцэтгэсэн. “Туулын хурдны зам” баригдсанаар нийслэлийн голлох авто замуудын ачаалал мэдэгдэхүйц буурах тооцоо гарсан байна. Үүнд Баянбүрдийн тойрог, Баруун 4 зам, Нарны гүүр, Олимпийн гудамж, Их Монголын гудамж, Нарны зам, Чингисийн өргөн чөлөө, Яармагийн гүүр, Энхтайваны өргөн чөлөө зэрэг хөдөлгөөний ачаалал өндөртэй хэсэгт авто замын ачаалал 5-30 хүртэлх хувиар буурах боломжтой гэж үзжээ.

Мөн Улаанбаатар хотын 1 болон 2 дугаар тойрог замын төслүүд хэрэгжсэнээр хотын доторх замын сүлжээний ачаалал олон чиглэлд 7-33 хүртэлх хувиар буурч, замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахад чухал нөлөө үзүүлэх юм. Төслийн трасс тодорхой хэсгүүдийг буюу Наадамчдын гүүр орчим, Яармаг, Зайсан, Маршалын гүүр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн бүс зэрэг байршилд Туул голын голдирлыг дайран өнгөрөхөөр байгааг танилцууллаа.
Төслийн хүрээнд 621 ширхэг төмөр бетон суурь буюу ростверк баригдана. Эдгээр суурийн нийт талбай ойролцоогоор 1.9 га байх бол суурьшлын бүсэд хамрагдах талбай 26 га орчим байна. “Туулын хурдны зам” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн авто замын сүлжээний багтаамж нэмэгдэж, түгжрэлийг бууруулах, иргэдийн зорчих цаг хугацааг хэмнэх, хотын хөгжлийг дэмжих стратегийн ач холбогдолтой гэж үзэж байна.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.