🔴А.Ганбаатар: Аливаа асуудалд сошиал орчны шуугианаар бус, монгол хүний саруул ухаанаар хандах нь чухал
Ардчилсан намын удирдлагууд, УИХ-ын гишүүд болон намын төлөөлөл өнөөдөр С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Энэхүү үйл ажиллагааны үеэр намын төлөөллүүд түүний үйл хэрэг, үзэл санаа болон өнөөгийн нийгэм, улс төрийн нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн А.Ганбаатар:
-С.Зориг агсныг их сургуулийн багш байх үеэс нь мэднэ. Оюутнуудтай улс төр, эдийн засгийн сэдвээр энгийн, нээлттэй ярилцдаг байсан. С.Зориг агсны "Нэгдүгээрт улс эх орон, хоёрдугаарт нам эвсэл, гуравдугаарт хувь хүний эрх ашиг" гэсэн алдарт эрэмбийг өнөөгийн нийгэмд хатуу баримтлах шаардлагатай байна. Орчин үеийн залуус энэхүү үзэл санаагаар хүмүүжиж, ардчиллыг хамгаалж байгаад баяртай байгаа. Аливаа асуудалд сошиал орчны шуугианаар бус, монгол хүний саруул ухаанаар хандах нь чухал.
Ардчилсан намын үзэл баримтлалын хувьд анх таван өөр намын нэгдлээр байгуулагдсан. Өнөөдөр баруун төвийн хөгжлийн үзэл баримтлалыг баримтлан ажиллаж байгаа. Би өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалд шүүмжлэлтэй ханддаг. Чинээлэг дундаж давхаргыг бий болгохгүйгээр улс орны эдийн засаг тогтворжихгүй. Татварын бүрдүүлэлт зөвхөн улсын үйлдвэрийн газруудаас ихээхэн хамааралтай болж, иргэд болон хувийн хэвшлийн орлого хумигдаж байгаа нь ардчилсан эдийн засгийн зарчимд нийцэхгүй байна. Ирэх сонгуулиудад энэ чиглэлд анхаарч ажиллахаа мэдэгдэв.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:
-Өнөөдөр С.Зориг агсны төрсөн өдөр тохиож байна. Жилдээ төрсөн өдөр, түүний амиа алдсан өдрүүдэд хүндэтгэж цэцэг өргөдөг. Маш олон жилийн хугацаанд хүний үйл хэргийг санан дурсаж, үзэл санааг нь хамгаалах гэхээсээ илүү түүний амиа алдсан хэргийг улс төржилт болгодог. Үүнд гомдолтой явдаг. Гурван зүйлийг товчхон хэлье.
Нэгдүгээрт С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг эцэслэн шийдвэрлэх ёстой бөгөөд сонгууль угтсан улс төрийн золиос, хэрэглэгдэхүүн болгох ёсгүй. Хоёрдугаарт улс орон, нам, хувь хүний эрх ашгийн эрэмбийн асуудал нь өнөөдөр ч Монголын улс төрийн хамгийн том суурь зарчим хэвээр байгаа.
Гуравдугаарт, Монголын залуу үе, тэр дундаа шинэ үеийнхэн болон Зориг сангийн зүгээс түүний үйл хэргийг мөнхжүүлэх, ардчилал, парламентын засаглалыг тууштай хамгаалах чиглэлд идэвхтэй ажиллаж байгаа. Энэ нь зөвхөн аль нэг намын улс төрийн бодлого гэхээсээ илүүтэйгээр нийт Монголчуудын, ялангуяа залуучуудын хувьд нэг хүний дарангуйлалд орохгүй байх, ардчиллаа хамгаалах итгэл үнэмшил, үнэт зүйл болж байгаа гэв.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.