Парламент руу чиглэсэн аливаа халдлага нь ардчиллын зарчимд халдаж буй хэрэг
Монгол Улсын УИХ-ын гишүүн О.Номинчимэг Олон Улсын Парламентын Холбооны 152 дугаар хурлын сүүлийн өдөр өөрийн даргалдаг Парламентчдын хүний эрхийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.
Тэрээр уг хурлаар нийт 17 улсын парламентын гишүүдийн эрх зөрчигдсөн эсэх асуудлыг 400 орчим парламентчдад танилцуулж, холбогдох шийдвэрүүдийг гаргуулсан байна. Эдгээр асуудлын нэг нь Монгол Улстай холбоотой бөгөөд УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн асуудал байв. Холбооны хатуу журамд зааснаар тухайн улс оронтой холбоотой асуудлыг хэлэлцэх үед холбогдох гишүүн оролцох, санал өгөх, байр сууриа илэрхийлэх эрхгүй байдаг. Иймээс Монголтой холбоотой шийдвэрийг хорооны дэд ерөнхийлөгч, Замби улсын парламентын гишүүн Харри Камбони танилцуулжээ. Шийдвэрт УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг чуулганы хуралдаан удирдсан үйл ажиллагаатай нь холбон “төрийн эрхийг хууль бусаар булаан авах” хэрэгт буруутгаж байгаад харамсаж буйгаа илэрхийлсэн байна.
Мөн түүний парламентчийн бүрэн эрхэд халдсан байж болзошгүй үйлдлүүд, тухайлбал айлган сүрдүүлэх, зорчих эрхийг хязгаарлах зэрэг асуудлыг цаашид анхааралдаа авч хэлэлцэхээр тогтжээ. Түүнчлэн цахим орчинд нэр хүндэд нь халдсан, зохион байгуулалттай дайралт болон ялгаварлан гадуурхалт явагдсан байж болзошгүй тул уг асуудлыг шалган тогтоохыг Монгол Улсын Их Хуралд чиглэл болгосон байна. О.Номинчимэгийн онцолсноор парламент руу чиглэсэн аливаа халдлага нь ардчиллын зарчимд халдаж буй хэрэг бөгөөд ийм нөхцөлд парламентчид хамтран дуу хоолойгоо нэгтгэх нь зөвхөн хувь гишүүдийг хамгаалах төдийгүй ардчиллыг хамгаалах ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.