🔴ИЗНН-ын удирдлагууд С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрээр 1962 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр төрсөн бөгөөд түүний гэгээн дурсгалыг хүндэтгэн Иргэний Зориг Ногоон Нам (ИЗНН)-ын удирдлага, гишүүд хөшөөнд нь цэцэг өргөлөө.
УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга Б.Батбаатар:
-Ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг С.Зориг агсан нь Монгол Улсын үндэсний эрх ашиг нэгдүгээрт, намын эрх ашиг хоёрдугаарт, бүлэг фракцын эрх ашиг гуравдугаарт, хувь хүний эрх ашиг дөрөвдүгээрт байх ёстой гэсэн зарчмыг үлдээсэн. Энэхүү үзэл санааг цаашид тууштай тээж, Монголын төрийн болон ард түмний үнэт зүйл болгон төлөвшүүлэхийн төлөө ажиллана. Мөн 2024 оны сонгуулиар иргэдийн дэмжлэгтэйгээр парламентад суудалтай болсон нь энэхүү үзэл санааг үргэлжлүүлэх боломжийг олгож байна гэлээ.
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара:
-С.Зориг агсан бол ардчиллын үнэт зүйлийг насан эцэслэх хүртлээ тээж, түгээн тунхагласан эрхэм хүн. Өнөөдөр Монголд ардчиллын үнэт зүйл тодорхой хэмжээнд хязгаарлагдмал байдалд орж, ардчиллыг хумих уу, түгээх үү гэх сорилттой тулгарч байна. Тиймээс ардчилсан тогтолцоог хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх нь зөвхөн улс төрийн намууд төдийгүй нийт иргэдийн үүрэг хариуцлага болоод байна хэмээв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.