🔴LIVE: О.Цогтгэрэл: Ардчилсан намын 50 нас хүрсэн лидрүүдийг ялтан болгож байна
Ардчилсан намын зүгээс УИХ-ын дарга асан З.Энхболдод шүүхээс хорих ял оноосонтой холбогдуулан мэдээлэл хийж, үүнийг улс төрийн зорилготой хэлмэгдүүлэлт хэмээн мэдэгдлээ.
Анхан шатны шүүхээс З.Энхболдод хоёр жилийн хорих ял оноосон шийдвэрийг өнөөдөр гаргасан. АН-ын төлөөлөл шүүхийн байгууллагад хүндэтгэлтэй хандах хэдий ч энэхүү шийдвэрт эргэлзэж байгаагаа илэрхийлэв. Тэдний зүгээс сүүлийн үед АН-ын 50 нас хүрсэн, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай улс төрчдийг зохион байгуулалттайгаар яллагдагч болгож байна гэж үзэж байгаагаа онцоллоо. Тухайлбал, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг гурван шатны шүүхээс цагаатгасан ч дөрөв дэх удаагаа дахин яллах нөхцөл байдал үүсгэснийг дурдав.
З.Энхболдын өмгөөлөгч Баатарсайхан хэргийн талаар тайлбар өгөхдөө, "Энэхүү хэрэг тав дахь жилдээ шалгагдаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль ёсны байх зарчмыг ноцтой зөрчсөн. Мөн 34 хавтаст хэрэгт З.Энхболдыг бусдад нөлөөлсөн, хатгасан гэх ямар ч нотлох баримт байхгүй тул энэ бол гэмт хэрэг биш" гээд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргана гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.
Хэвлэлийн хурлын үеэр УИХ-ын гишүүн, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн өөрийн байр суурийг илэрхийлэв. Тэрээр З.Энхболдыг АН-ын Хяналтын ерөнхий хорооны даргаар сонгогдсоныхоо дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн эсрэг хүчтэй мэдэгдэл хийж, огцрох болзол хангасан гэж шүүмжилснийх нь төлөө ийнхүү яллаж байна хэмээн хардаж байгаагаа хэллээ. Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг эсэргүүцсэн гишүүдийг хууль хяналтын байгууллагаар дамжуулан ангуучилж, ах дүү, хамаатан садан, хамаарал бүхий компаниудаар нь барьцаалан дарамталж байгааг буруушаав.
АН-ын зүгээс Монгол Улсад шударга шүүхийн тогтолцоо алдагдаж, хуулийн байгууллагаар дамжуулан улс төрчдийг айлган сүрдүүлэх оролдлого эрчимжиж, парламентын ардчиллаас ухарч байгааг онцлов. Цаашид энэхүү улс төрийн зорилготой үйл ажиллагааны эсрэг бүх шатанд тэмцэх бөгөөд эрх зүйт төр, шударга ёс, парламентын ардчиллыг хамгаалахын төлөө тууштай зогсоно гэдгээ мэдэгдлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.