“Транскапитал”-ын албан тушаалтнууд машины ченжээс хахууль авчээ

“Транскапитал”-ын албан тушаалтнууд машины ченжээс хахууль авчээ

Манай улсын хэмжээнд энэ оны нэгдүгээр сарын байдлаар 590 гаруй банк бус санхүүгийн байгууллага (ББСБ) үйл ажиллагаа явуулж буй. Тэдний заримынх нь эрх бүхий албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсон нь ч бий. Ийм нэг хэргийг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ.

2001 оноос хойш үйл ажиллагаа явуулж эхэлсэн, олон улсын хэд хэдэн байгууллагатай хамтран ажилладаг “Транскапитал” ББСБ-ын төвийн бүсийн эрхлэгчээр ажилладаг М.Тауданбек нь ажилтнууд болох Б.Амгаландэлгэр, Т.Мягмарбаяр нартай бүлэглэн хахууль авсан хэрэгт холбогдсон аж. Тэд автомашин импортлон борлуулдаг ченж Н.Чулуунбаатар гэх хүнээс 33.3 сая төгрөгийн хахуулийг 38 удаагийн гүйлгээгээр авснаа хүлээсэн байна.

Ченж эр автомашинуудаа хурдан борлуулахын тулд иргэдийн зээлийг шуурхай гаргуулахаар “Транскапитал” ББСБ-ын дээрх гурван албан тушаалтанд мөнгө өгч байж. Улмаар ББСБ-ын албан тушаалтнууд иргэдийн зээлийн судалгааг шуурхай хийж, зээлийн хорооныхоо хурлаар дараалалгүй оруулан, өр, орлогын харьцаа нь зээлийн шаардлага хангаагүй байхад хууль, журмаа зөрчин автомашины зээл олгосон гэнэ.

Нийслэлийн прокурорын газраас М.Тауданбек, Б.Амгаландэлгэр, Т.Мягмарбаяр нарт Эрүүгийн хуулийн 22.13-1 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс ажлын чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан” гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлджээ. Харин автомашины ченж Н.Чулуунбаатарт мөн хуулийн 22.5-1 дэх хэсгийн бусдад албаны чиг үүрэгтэй нь холбогдуулж удаа дараа хахууль өгсөн хэмээн яллагдагчаар тооцсон аж.

Эл дөрвөн хүн хэргээ хялбаршуулж шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны тойргийн шүүх уржигдар хэлэлцээд “Транскапитал” ББСБ-ын төвийн бүсийн эрхлэгч М.Тауданбек, зээлийн ажилтан Б.Амгаландэлгэр, Т.Мягмарбаяр нарт нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил зургаан сарын хугацаагаар хасаж, таван сая төгрөгөөр торгох ял оноов. Харин ченж Н.Чулуунбаатарт дөрвөн сая төгрөгөөр торгох ял шийтгэж, нийтийн албанд ажиллах эрхийг нь дээрх хугацаагаар хаслаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.