ГЕГ: Хууль бус үйлдэл гаргасан эсэх нь тогтоогдох хүртэл Замын-Үүд дэх гаалийн газрын улсын байцаагчийн эрхийг түр түдгэлзүүллээ
Замын-Үүд дэх Гаалийн газрын улсын байцаагчтай холбоотой цахим орчинд тархсан мэдээллийн дагуу Гаалийн ерөнхий газраас дотоод хяналт шалгалтыг явуулж, холбогдох арга хэмжээг авч ажиллажээ. Тодруулбал, 2026 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр иргэн н.Нэргүй цахим орчинд "гаалийн улсын байцаагч "А" нь албан үүрэгтэйгээ холбоотой зөрчил гаргасан" гэх агуулга бүхий мэдээлэл нийтэлжээ.
Уг асуудалтай холбогдуулан Гаалийн ерөнхий газрын даргын дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн тушаалаар тухайн байцаагчийн эрхийг асуудал эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл түр хугацаагаар түдгэлзүүллээ. Мөн холбогдох албан тушаалтнаас тайлбар мэдүүлэг авч, хэргийг харьяа хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулж эхлээд байна.
Гаалийн байгууллага нь иргэдийн өргөдөл, гомдлыг Засгийн газрын "11-11" төв болон гаалийн лавлах "1800-1281" дугаарын утсаар хүлээн авч байна. 2026 оны нэгдүгээр улирлын байдлаар нийт 964 өргөдөл, гомдол хүлээн авч шийдвэрлэсний 85 хувь нь санал, 15 хувь нь гомдол байжээ. Харин Замын-Үүд дэх Гаалийн газарт 2025 онд нийт 113 гомдол ирсэн бөгөөд үүнд дүн шинжилгээ хийхэд нэр бүхий гурван иргэнээс давтамжтайгаар ирүүлсэн байжээ. Энэ нь гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагаа доголдсон мэт харагдах нөхцөлийг бүрдүүлсэн хэдий ч байгууллагын зүгээс цаг тухай бүрд нь шалгалтын ажиллагааг явуулж, зохих арга хэмжээг авч ажилласан байна.
Иргэд, олон нийтээс ирүүлж буй мэдээлэл нь хууль ёсны худалдааны эргэлтийг дэмжих, гаалийн хяналт шалгалтын үр дүнг дээшлүүлэхэд чухал эх сурвалж болдог тул цаашид ч хууль бус үйлдэлтэй тэмцэхэд идэвхтэй хамтран ажиллахыг Гаалийн ерөнхий газраас уриаллаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.