🔴Ц.Сандаг-Очир: "Туулын хурдны замын Байгаль орчны менежментийн дүгнэлтийг огт хийгээгүй" гэж намайг ярьсан мэтээр та нар цацсан байна лээ шүү
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрээр яамны гол чиг үүрэг нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хуулийн дагуу хэрэгжүүлэх явдал гэдгийг онцлоод, аливаа төсөл хөтөлбөр нийгэм болон байгаль орчинд ямар сөрөг нөлөө үзүүлэхийг мэргэжлийн зөвлөл нарийвчлан судалж, дүгнэлт гаргадаг болохыг хэллээ. Мөн уран олборлолт болон сард 500-1000 тонн хүхрийн хүчил үйлдвэрлэх, ашиглахтай холбоотой төслүүдийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хянаж байгааг дурдав.
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир:
-Олон нийтийн анхаарлын төвд байгаа Туулын хурдны замын төслийн тухайд одоогоор бүтээн байгуулалтын ажил бүрэн зогссон бөгөөд зөвхөн ажилчдын түр байр барих төдий ажил хийгдэж байгаа. Төсөл хэрэгжүүлэгч буюу Улаанбаатар хотын захиргаанаас Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө энэ долоо хоногийн даваа гарагт яаманд ирүүлсэн байна. Өмнө нь шаардлага хангаагүй гэх үндэслэлээр буцаагдаж байсан төлөвлөгөөг одоогоор холбогдох газрууд дахин хянаж байгаа. Эцсийн дүгнэлт гараагүй байна.
Өмнө нь өгсөн мэдээллээ мушгин гуйвуулахгүй байхыг хүсье. Нөлөөллийн байдлын үнэлгээ болон менежментийн төлөвлөгөө нь хоёр тусдаа ойлголт. Туулын хурдны замын төслийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ өнгөрсөн гуравдугаар сарын 19-нд батлагдсан ч Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлагдаагүй байхад ажлаа эхлүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл болсон. Тиймээс хуульд нийцүүлэн төлөвлөгөөгөө батлуулж, хянуулсны дараа ажлаа үргэлжлүүлэх шаардлагыг тавьсан.
Хотын даргын зүгээс ажлыг гацаасан албан тушаалтнаас цаг хугацааны алдагдлыг нэхэмжилнэ гэж мэдэгдсэн. Яам зөвхөн хуулиа л хэрэгжүүлж ажилласан. Харин гүйцэтгэгч компани хуулийн бүрдэл хангаагүй, төлөвлөгөө батлагдаагүй байхад ажил эхлүүлж, мод бут тайрсан нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл. Үүнийхээ төлөө компани торгууль төлж, хариуцлага хүлээж байгаа. Яам хууль хэрэгжүүлснийхээ төлөө хариуцлага хүлээхгүй.
Хууль хэрэгжүүлээгүйгээс үүдэн ирээдүйд гарах хууль эрх зүйн эрсдэлээс сэргийлж, анхнаас нь хяналт тавьж байгаагаас бус төслийг гацаах зорилгогүй. УИХ-аас Туулын хурдны замтай холбоотой ажлын хэсэг байгуулах чиглэл, албан бичиг яаманд одоогоор ирээгүй байгаа гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.