🔴LIVE: Иргэний зориг ногоон нам УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг дэмжихгүй
Иргэний Зориг Ногоон Нам (ИЗНН)-ын зөвлөлөөс УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан албан ёсны байр сууриа илэрхийллээ. Тус намын зүгээс сонгогчдын өмнө хариуцлага хүлээх, гишүүнийг эгүүлэн татах эрх зүйн зохицуулалт байх нь зүйтэй гэж үзэж байгаа ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжихгүй гэдгээ мэдэгдэв.
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг дэмжихгүй байх гол шалтгаан нь хэт өргөн хүрээг хамарсан, Үндсэн хуулийн цэц болон ёс зүйн асуудлыг субъектив байдлаар тайлбарлах эрсдэлтэй гэж үзжээ. Мөн эгүүлэн татагдсан гишүүний оронд дараагийн гишүүн хэн байх асуудлыг тодорхой зохицуулаагүй байна. Иймд ИЗНН-ын дөрвөн гишүүн уг хуулийн төслийг хэлэлцэх эсэх санал хураалтад намын улс төрийн шийдвэрийн дагуу эсрэг санал өгөх бөгөөд хэрэв өөр санал өгвөл цаашид намаас улс төрийн дэмжлэг үзүүлэх эсэхийг эргэн харна гэдгийг онцоллоо.
Түүнчлэн ИЗНН-ын гишүүд өөрсдөө УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг өнгөрсөн гуравдугаар сард санаачилж, Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн байна. Гэвч Засгийн газар хуульд заасан ажлын 30 хоногийн дотор ямар нэгэн хариу өгөөгүй нь УИХ-ын гишүүний хууль санаачлах эрхийг үл хүндэтгэсэн, ялгавартай хандсан үйлдэл гэж шүүмжиллээ. Хэрэв Засгийн газар хугацаандаа саналаа өгсөн бол ижил төстэй хуулийн төслүүдийг нэгтгэн, УИХ дээр ажлын хэсэг байгуулж, нэг мөр шийдвэрлэх боломжтой байсан гэдгийг тодотгов.
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл нь ардчиллын зарчмыг ухраах, цөөнхийн дуу хоолойг боомилох эрсдэлтэйг анхааруулав. Тэрээр "Ёс зүйн ноцтой зөрчил" гэх тодорхой хэмжүүргүй ойлголтоор гишүүдийг эгүүлэн татах нь хуулийг улс төрийн зорилгоор ашиглах, намын дарга нараас шууд хараат байлгах нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзэж байна. Мөн Монгол Улс парламентын засаглалтай хэдий ч Ерөнхийлөгчийн эрх мэдэл хэт ихсэж, шүүх болон хүчний байгууллагын томилгоонд нөлөөлж байгааг шүүмжилж, Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүний олонх нь Ерөнхийлөгчийн шууд болон шууд бус томилгооны хүмүүс байх эрсдэлтэйг санууллаа.
Ёс зүй, дэгийн байнгын хорооны үйл ажиллагааг мөн шүүмжилж, тус хорооны дарга өөрөө Боловсролын зээлийн сангаас 250 сая төгрөгийн зээл авч төлөөгүй атлаа бусдын ёс зүйг шүүх нь ёс зүйгүй үйлдэл гэв. УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара өөртэй нь холбоотой ёс зүйн асуудлыг хэлэлцэхээр яаравчлан хурал зарласныг ялгавартай хандлага гэж тайлбарлалаа. Тэрээр 30-аас дээш цаг хуралдаан тасалсан, бусдыг хөгжлийн бэрхшээлээр нь доромжилсон гишүүдийн асуудлыг хэлэлцэхгүй хэрнээ шаардлага хангаагүй, троллуудын гомдолд үндэслэн асуудалд хандаж байгаа нь энэхүү хууль цаашид хэрхэн ялгавартай хэрэгжихийн бодит жишээ болж байна гэлээ.
Эцэст нь, шинээр батлагдах хууль нь буцаж үйлчлэхгүй тул өнгөрсөн хугацаанд гарсан хулгай, авлига, ёс зүйн зөрчлүүд уучлагдан өнгөрч, харин цаашид шударга дуу хоолойг боомилох хэрэгсэл болно гэдгийг иргэд, олон нийтэд анхаарууллаа. ИЗНН-ын зүгээс ард түмний сонголтыг хэн нэгэн дарга, эрх мэдэлтэн биш, зөвхөн сонгогчид өөрсдөө шийддэг байх нь ардчиллын үндсэн зарчим гэдгийг хатуу баримталж, Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг эсэргүүцэнэ гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.