Д.Тогтохсүрэнгийн хэргүүдийг шалгаж дуусжээ

Д.Тогтохсүрэнгийн хэргүүдийг шалгаж дуусжээ

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга зэрэг албан тушаал хашиж байсан, өдгөө “Эрдэнэс критикал минералс” төрийн өмчит үйлдвэрийн газар (ТӨҮГ)-ын захирлаар ажиллаж буй Д.Тогтохсүрэнд холбогдох хэргүүдийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүллээ. Түүнийг хэн нэгний гомдлоор бус, АТГ-ынхан гүйцэтгэх ажиллагааны явцад цуглуулсан баримтууддаа үндэслэн мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн билээ.

Тодруулбал, Д.Тогтохсүрэнд 2025 онд нээж, энэ оны нэгдүгээр сард хойшлуулшгүй ажиллагаа явуулан цагдан хорьж шалгасан 2501000320053 дугаартай эрүүгийн хэрэгт түүний хэд хэдэн үйлдлийг нэгтгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан юм. Түүнд холбогдох хэрэг нь нийт 35 хавтас, 8319 хуудастай болсныг АТГ-аас мэдээллээ.

Д.Тогтохсүрэнг Эрүүгийн хуулийн 22.10-2-ын “Улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүй хөрөнгөжсөн, 22.4-3-ын “Улс төрд нөлөө бүхий этгээд их хэмжээний хахууль авсан”, 22.1-3 дугаар зүйлийн “Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалаа урвуулан ашигласан”, 22.5-1, 22.5-3-ын “хахууль өгөх гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэх заалтыг үндэслэн яллагдагчаар татаж шалгасан билээ.

Өөрөөр хэлбэл, яллагдагчаар татсан зүйл заалт тус бүрийнх нь үйлдэл өөр хэрэг аж. Тодруулбал, тэрбээр 2016 онд улс төрд нөлөө бүхий этгээд буюу УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа өөрийн хамаарал бүхий хүний нэрээр Сүхбаатар дүүргийн I хорооны “220к ризиденс” хотхоны 84.49 ам метр талбай бүхий орон сууцыг 820 сая төгрөгөөр худалдан борлуулж, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үйлдэлд холбогдсон байна.

Мөн Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг, Зайсангийн “Түшээ гүн” хотхонд 400 ам метр талбайтай байрыг хөнгөлөлттэй үнээр авч, бусдаас их хэмжээний хахууль авсан хэмээн буруутгагдаж буй юм. Хуучнаар “Монголросцветмет” буюу “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирлаар томилогдон ажиллах үедээ хууль бус үүрэг чиглэл өгч 6600 тн төмрийн хүдрийн хуурай баяжмалыг ачилт тээврийн дараалалд оруулалгүйгээр тээвэрлүүлж, БНХАУ-ын “Хайнань хүидэ” (Hainan huide) компанид эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх үйлдэлд холбогдсон. Эл Хятадын компанийн ачааг 2025 оны наймдугаар сард илгээхээр гэрээ байгуулсан боловч мөн оны дөрөвдүгээр сард түрүүлэн явуулсан гэдэг. Үүнээс гадна уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хас ембүү” компанийн захирал Ж.Энхбаатараас бусдаар дамжуулан 100 сая төгрөгийн хахууль авсан гэх хэрэгт холбогдсон юм.

АТГ-ынхан мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Тогтохсүрэнгээс хахуулийн 250 сая төгрөгийг нь хураан авч, тамга, гар утас зэргийг эд мөрийн баримтаар тооцож, 1.8 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан аж. Уг хэрэгт 74 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 53 баримтад үзлэг хийж, аж ахуйн нэгж, байгууллагуудаас 88 лавлагаа болон арилжааны банкнаас 31 дансны хуулга гаргуулан авсны зэрэгцээ шинжээчийн хоёр дүгнэлт гаргуулсан байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.