Н.Номтойбаяр: Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд эдийн засгийн цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ
Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг өнөөдөр зохион байгууллаа. Энэ үеэр Шадар сайд Н.Номтойбаяр харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, салбарын ажилтан, албан хаагч нартай болон аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулагч нарын төлөөлөлтэй уулзаж санал солилцлоо.

Шадар сайд Н.Номтойбаяр онцгой байдлын салбарын үйл ажиллагаанд байгалийн давагдашгүй хүчин зүйлсийн үед иргэдийн оролцоо, мэдлэг, боловсролыг нэмэгдүүлэх нь нэн чухал бөгөөд цаашид техник хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэхэд анхааран ажиллахаа илэрхийллээ.
Мөн стандартын хэрэгжилт, хяналтын тогтолцоог сайжруулах хүрээнд стандартын талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлж, шинэчлэн тогтоох цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнд авто зам, хүнс, эм, эмнэлгийн хэрэгсэл зэрэг иргэдийн аюулгүй байдалтай шууд холбоотой салбаруудад тавих хяналт, шалгалтыг сайжруулж, стандартын шаардлагыг хангах тогтолцоог бэхжүүлэхэд онцгой анхаарна гэв. Иймд холбогдох хуулийн төслүүдийн төслийг боловсруулж байгаагаа танилцууллаа.
Цаашид иргэд, аж ахуйн нэгжүүд стандартын талаарх мэдлэгээ дээшлүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавьдаг, хариуцлагатай оролцоог дэмжсэн тогтолцоог бүрдүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ гэдгээ онцлоод байна.


Үүний зэрэгцээ бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд хүнд болон хөнгөн аж үйлдвэрийн салбаруудыг уялдуулсан цогц хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангах чиглэлд анхаарч ажиллана. Ялангуяа Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд эдийн засгийн чиг баримжаатай, цогц хөгжлийн хөтөлбөрийг боловсруулан танилцуулахаар бэлтгэж байгаа талаар Шадар сайд Н.Номтойбаяр тодотголоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.