СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Б.Найдалаа тэргүүтэй хүмүүсийн хэргийг хэлэлцэхийг хойшлуулав

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
5 цагийн өмнө

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хөгжлийн банкны гэх тодотголтой, 80 хүн, дөрвөн компанид холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн билээ. Улмаар УИХ-ын гишүүн асан Ё.Баатарбилэгийн хорих ял, өнөөгийн УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатарт оноосон торгох ялыг хэвээр нь үлдээж байв.

Харин Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаяр, одоогийн парламентын гишүүн Б.Найдалаа, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Г.Байгалмаа, тус банкны ТУЗ-ийн гишүүн асан Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу, Ж.Үхэртар, Б.Даажамба, Б.Махбал, гүйцэтгэх захирал байсан Н.Мөнхбат, “Бэрэн групп”-ийн Б.Мөнхтөр, “Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнэ тэргүүтэй 42 хүн, НВЦ, “Ганхүдэр орд”, “Инжир” ХХК-д холбогдох үйлдлийг анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгож цагаатгасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзээд анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болсон юм.

Уг хэргийг өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалан шүүгч М.Отгонбаатар, Б.Батсайхан, улсын яллагч, НПГ-ын хяналтын прокурор Ц.Гансүлд, Б.Ганбулган, Х.Онолт, Б.Мөнгөншагай, шүүгдэгч нарын өмгөөлөгч нарыг оролцуулан Жанжин клубийн байранд хийхээр товлоод байв. Гэвч хэд хэдэн өмгөөлөгч хурал давхацсан, зарим нь эрүүл мэндийн шалтгаанаар хуралд оролцох боломжгүй, нэг хэсэг нь шүүхийг үл хүндэтгэн ирээгүй учраас есдүгээр сарын 8-ныг хүртэл хойшлууллаа.

Хуралд ирсэн зарим өмгөөлөгч шүүгдэгч нарт авсан хилээр гарахыг хязгаарлах, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт энэ үеэр гаргасан ч шүүх хүлээн авсангүй. Тухайлбал, Н.Мөнхбатын өмгөөлөгч нь олон улсын хүний эрхийн байгууллагад хандсан, шүүгдэгч өөрөө очиж уулзах шаардлагатай учраас таслан сэргийлэх арга хэмжээгээ өөрчлүүлэх хүсэлтэй байна хэмээсэн юм. Харин шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд шүүх таслах ажиллагаанд саад учруулж болзошгүй гэж үзэн хүлээн авах боломжгүй гэж шийдвэрлэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Бүрка
3 цагийн өмнө
116.206.83.106

Манай шүүх дампуу гэхэд үн эн дампуу шүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.