Б.Азжаргал: Уяачид болон хүүхдийн байгууллагын саналыг сонсож байж уралдаан зохион байгуулах эсэхийг шийднэ
Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээг гуравдугаар сарын 1-ээс хойш зохион байгуулах эрхийг орон нутагт шилжүүлсэн юм. Өөрөөр хэлбэл Засгийн газар хаврын морин уралдаан зохион байгуулах эрхийг аймгийн удирдлагын эрх мэдэлд шилжүүлээд байна.
Засгийн газрын дээрх шийдвэртэй холбоотойгоор Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал дараах байр суурийг илэрхийлэв.
Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал:
-Засгийн газрын шийдвэр албажиж ирээгүй байна. Өмнө нь Засгийн газар, Хүний эрхийн үндэсний комиссоос өвөл, хаврын уралдааныг хориглосон байхад бид мөн хязгаарласан захирамжаа гаргачихдаг байсан. Одоо болохоор биднийг шийд гээд орхичихлоо.
Асуудлыг хоёр талаас нь авч үзэх ёстой. Уяачдын талаас нь авч үзвэл буруу зүйл биш байгаа юм шиг. Гэтэл хүүхдийн эрх талаас нь харвал хорих ёстой болоод байна.
Би хэдий адуу мал төдийлөн сонирхдоггүй ч уяачдын эрхийг зөрчиж болохгүй. Аль аль талынх нь байр суурийг сайн сонсох ёстой юм байна. Уяачид болон хүүхдийн эрхийн байгууллагын саналыг сонсоё. Сүүлийн таван жилд Дархан-Уул аймагт хурдан морины уралдаан болоод хүүхдийн эрүүл мэнд, эрх нь зөрчигдсөн үү гэдгийг авч үзье. Хүүхдүүд хурдан морь унахдаа яг өөрийнхөө хүслийг дагаж байна уу гээд олон талаас нь авч үзэх шаардлагатай. Мэдээж нэгдүгээрт хүүхдийн эрүүл мэнд, эрхийг нь авч үзэх ёстой.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.