СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2024-11-06

Монголын төр Хармагтайг стратегийн ордод оруулах вий гэдгээс австраличууд болгоомжилж байна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 сарын өмнө

Хармагтай төслийн тусгай зөвшөөрлийг эзэмшигч "Занаду Майнс" компани нэмэлт хувьцаа гаргаж, 5.5 сая долларын хөрөнгө оруулалтыг 2024 оны 11 сарын 5-ны өдөр татлаа. Компани 100 сая хувьцаагаа нэг бүрийг нь 0.055 доллараар үнэлж, хөрөнгө оруулагчдын дунд хаалттайгаар санхүүжилт босгосон байна. Хувьцааны үнэлгээ нь арилжааны сүүлчийн ханшаас 14 хувиар бага дүн юм. Өөрөөр хэлбэл, Хармагтай төслийн зах зээлийн үнэлгээнээс хамаагүй бага дүнгээр хувьцааг нь үнэлж, хөрөнгө босгосон гэсэн үг.

"Занаду Майнс" компанийн хувьд Хармагтай төслийг эдийн засгийн эргэлтэд оруулах эсэхээ шийдэх эгзэгтэй үе дээр байгаа.

"Занаду Майнс" болон "Зижинь Майнинг"-ийн түншлэл 2022 онд эхэлсэн. Өнөөдрийн байдлаар "Зижинь Майнинг" 35 орчим сая ам.долларын санхүүжилт олгож, оронд нь "Занаду Майнс"-ын 20 хувийг эзэмшдэг болжээ. Мөн Хармагтай төслийг хэрэгжүүлэх үүрэг бүхий төслийн нэгжийг байгуулж, 50 хувь нь БНХАУ-ын "Зижинь" компанийн мэдэлд очсон.

Харин одоо "Занаду"-гийн австраличууд "Зижинь"-ийг Хармагтайд эзэмшдэг хувь хэмжээгээрээ хөрөнгө оруулах, эсвэл бүр 100 хувь эзэмших хувилбарыг талууд хэлэлцэж байна. Австраличуудын хувьд үлдсэн 50 хувиа зараад уг төслөөс гарах, эсвэл багахан буюу 25 хувийг эзэмшээд Оюутолгой шиг төлж дуусдаггүй өртэй үлдэх хувилбар бий. Гэхдээ энэ нь Монголын өмнийн говьд байгаа нэгэн алт, зэсийн баян ордыг хоорондоо наймаалцахаар хэлэлцэж байгаа австрали, хятадуудын хоорондох л тохироо юм. Монголчууд энэ дундаас хүртэх юм үгүй нь харамсалтай.

Хармагтай үнэхээр баян орд мөн үү?

Энэ асуултын хариултыг "Занаду Майнс"-ын 10 дугаар сард танилцуулсан төслийн тооцооллоос харж болно. Хармагтай ордын батлагдсан олборлох нөөцийн хэмжээ одоогоор 4.8 сая тонн зэс, 9-11 сая унц буюу 300 тонн алт байна хэмээн хөрөнгө оруулагчдадаа зарласан.

Гэтэл Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын мэдээлэлд "Хармагтай ордын нөөцийг 512 мянган тонн зэс" хэмээн ес дахин багаар, "51 тонн алт" хэмээн 3-6 дахин бага дүнгээр бүртгэгдсэн байгаа нь анхаарал татаж байна.

Төслийн бодит үнэ цэн тодорхой болж, Монголын төр Хармагтайг стратегийн ордод оруулах вий гэдгээс австраличууд болгоомжилж байгааг эндээс харж болох юм. Тэр ч бүү хэл "Занаду" Хармагтайн 50 хувийг "Зижинь" компанид өгөхдөө Монгол Улс холбогдох татваруудаа авсан эсэх ч эргэлзээтэй.

Мөн УИХ-аар батлаагүй ашигт малтмалын хуулийг урьдчилан таамаглаж, урьдчилсан ТЭЗҮ гэгчийг хөрөнгө оруулагчдадаа танилцуулан Монгол Улсыг хуульгүй мэт харагдуулж байгаа нь тэдний мэдэгдлээс тодхон харж болно.

Одоогийн мөрдөгдөж байгаа ашигт малтмалын тухай хуулиар ашигт малтмалын нөөц ашигласан татвар 19 хувь байгааг шинэчлэн батлагдах хуулийн төслийг 4 хувь болно гэж хөрөнгө татаж байгаа нь Монголын төрийг басамжилсан хэрэг болж байна.

Засгийн газар стратегийн ордуудын 34 хувийг төрд авах тухай маш хүчтэй ярих болсон. Хармагтай төслийг энэхүү стратегийн ордуудын жагсаалтад оруулах эсэх тухай яриа хэд хэдэн удаа гарч байсан ч тэгэсхийгээд намжсан. Тэгвэл одоо “яарч, даарсан” энэ хэлцлээс урьтаж монголчууд Хармагтай төсөл дээр идэвхтэй оролцоогоо харуулах цаг болжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.