О.Цогтгэрэл: Надтай холбоотой 10, 20 жилийн өмнөх аж ахуйн нэгж, үйл ажиллагааг ухаж, мянган янзын зүйл зохиож түгээж байна
Боловсролын сайд Л.Энх-Амгалан "АН-ын дарга О.Цогтгэрэлийн хамаарал бүхий хоёр цэцэрлэг төрөөс 1.3 тэрбумын санхүүжилт авсан" хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан юм. УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл өөртэй нь холбогдуулан гаргаж буй тус мэдээлэлд болон цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-Надтай холбоотой худал, хуурмаг хулгайн асуудлыг долоо хоног бүр л зохион байгуулалттайгаар гаргаж ирэх боллоо. Манай намын гишүүдийн хувьд өөрсдийн итгэл үнэмшлээрээ байр сууриа нэгтгэн асуудалд хандаж байгаа.
Цогтгэрэлтэй холбоотой 10, 20 жилийн өмнөх аж ахуйн нэгж, үйл ажиллагааг ухаж, мянган янзын зүйл зохиож олон нийтэд түгээж байна. Иймд олон нийт, тэр дундаа Ардчилсан намын нийт гишүүд, дэмжигчдийг энэ мэт мэдээлэлд туйлын болгоомжтой хандахыг хүсье. Надад худал хуурмаг зүйл, хулгай хийсэн, албан тушаалаа урвуулан ашигласан ямар ч асуудал огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Цаашид гүтгэлэг бүрд хариу тайлбар өгөөд байх нь үнэндээ төвөгтэй байна. Дуугүй өнгөрөхөөр буруугаа хүлээсэн мэт, хариултгүй мэт харагддаг бол тайлбар хийгээд байхаар сүр дуулиан болж хувирах юм. Тиймээс цаашид энэ асуудалд зарчимч, нухацтай байр сууринаас хандах болно.
"Ерөнхий сайдын хамаарал бүхий сургууль төсвөөс нэг ч төгрөг аваагүй" хэмээн Боловсролын сайд нь мэдэгдэж байсан ч авсан болох нь баримт нотолгоогоор ил болчихлоо.
Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн хувьд би түүнийг бизнесээс гаралтай, бизнес эрхлэгчдийн зовлон жаргалыг ойлгодог, ямагт баримт нотолгоотой зүйл ярьдаг хүн хэмээн хувьдаа ихэд хүндэлж явдаг байсан. Гэтэл өнөөдөр ямар ч баримт нотолгоогүй зүйл ярьж, Тесо мөнгө авсан мэтээр улайм цайм гүтгэж байгаад харамсаж байна. Хэрэв тийм мөнгө байгаа юм бол гүйлгээ, шилжүүлгийн баримтыг нь гаргаад ирэх хэрэгтэй. Байхгүй зүйлийг яаж ч гаргаж ирэх билээ дээ. Хүнийг ингэж үндэслэлгүйгээр гүтгэчихээд зүгээр өнгөрч болохгүй.
Өөдөөс шидсэн чулуу бүхний хариуд чулуу шидэж, хуулийн байгууллагад хандаад байх эсэхээ намын нөхөдтэйгөө ярилцаж шийднэ. Миний хувьд аль болох хэвлэл мэдээлэлд нээлттэй, асуудалд ил тод байх зарчим баримталдаг. Гэтэл энэ мэт гүтгэлэг цацаж, хуулийн байгууллагаар шалгуулах тухай ярьж байгаад үнэхээр гайхаж байна. Л.Энх-Амгалан сайд өөрөө энэ үйлдлийнхээ төлөө уучлалт гуйх байх гэж найдаж байна хэмээв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.