🔴Т.Доржханд: Багануурт 140 сая долларын өртөгтэй хагас коксын үйлдвэр байгуулна

AI хөрвүүлсэн
🔴Т.Доржханд: Багануурт 140 сая долларын өртөгтэй хагас коксын үйлдвэр байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцууллаа. 

Шадар сайд Т.Доржханд: 

-Хөрөнгө оруулагч компаниудад үр ашгаа хүртээд гарах таатай орчин, боломж нөхцөлийг бүрдүүлэх агуулгаар Хөрөнгө оруулалтын тухай хууль болон дагалдах татварын хуулиудыг баталсан. Энэ хуулийг бодит ажил хэрэг болгох зорилгоор Худалдаа, хөрөнгө оруулалтын агентлаг үйл ажиллагаа явуулж эхлээд байна. Тус агентлаг нь тогтолцоогоо бэхжүүлэхээс гадна дотоодод аль хэдийн хөрөнгө оруулсан гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах, тэдний үйл ажиллагааг дэмжих чиглэлээр бодлогоо уялдуулан ажиллаж байна. 

Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулагчдад Засгийн газартай холбоотой гомдол, санал гарвал Худалдаа, хөрөнгө оруулалтын агентлагт ирүүлэх бөгөөд 30 хоногийн дотор шийдвэрлэх чиглэлийг холбогдох яам болон орон нутгийн удирдлагуудад өгч зохицуулна. Өмнө нь гадаадын хөрөнгө оруулагчдын маргаан, гомдол шүүхийн шатанд гацаж удааширснаас үүдэн хөрөнгө оруулагчид дайжих тохиолдол олон гардаг байсан. Харин шинэ хуулийн орчинд агентлаг гомдлыг хүлээн авч, асуудлыг шүүхийн шатанд очихоос өмнө шийдвэрлэх чиглэлээр мэргэжлийн арга зүйн туслалцаа үзүүлэхээр болжээ.

Монгол Улс нээлттэй, ардчилсан, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид болон хувийн хэвшлийг бүх талаар дэмжсэн орон гэдгээ албан ёсоор зарлаж байгаа юм. Өнөөдрийг хүртэл уул уурхайн салбарт гол хөрөнгө оруулалтууд төвлөрч байсан бол өдгөө дэлхий даяар эрчим хүч, дата төв, өндөр технологи, хиймэл оюун ухааны салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалт татах ширүүн өрсөлдөөн өрнөж байна. Иймд манай улсын зүгээс эдгээр салбарт бодлогын томоохон хөнгөлөлтүүдийг олгож байна. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүч, дата төв, ногоон устөрөгчийн чиглэлээр хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд гаалийн тарифаас бүрэн чөлөөлөх бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөл хэрэгжиж дууссаны дараа буюу дөрвөн жилийн дараагаас төлөх боломжийг олгож байна. Энэ хүрээнд аж үйлдвэрийн паркийн хөнгөлөлтүүдэд хамрагдах бүрэн боломжтой. Монгол Улсад 100 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийсэн төслүүдэд 20 жилийн хугацаатай тогтворжуулалтын гэрчилгээ олгож байгаа. Засгийн газар солигдохоос үл хамааран татварын орчин 20 жилийн турш тогтвортой байх баталгааг бүрдүүлсэн. 

Оюутолгой компанийн зүгээс нүүрсээр ажилладаг станцаас эрчим хүч авахаас илүүтэй цэвэр, сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэлээ явуулбал бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар, нэр хүнд болон үнэ цэнд эерэгээр нөлөөлнө гэсэн байр суурьтай байгаа юм. 

Харин 99.5 хувийн найдвартай байдлын шаардлага нь газрын гүнд 2000 метрийн доор ажиллаж байгаа уурхайчдын амь нас, аюулгүй байдал, агааржуулалттай шууд холбоотой. Тог тасарвал асар их эрсдэл үүсдэг тул бүх гүний уурхайд тавигддаг олон улсын стандарт шаардлага. Иймд Засгийн газраас эрчим хүчний эх үүсвэрийг хувийн хэвшлээр шийдвэрлүүлэх бодлого баримталж байна. Төр өөрөө барина гээд 40 жил барьж чадаагүй, төсөвт санхүүжилт байхгүй нь бодит үнэн. Хувийн хэвшил шийдлээ өөрсдөө гаргаж, хий, ус, батарей болон бусад ямар эх үүсвэрээр тогтвортой байдлыг хангах саналаа олон нийтийн өмнө нээлттэй, ил тод дуудлага худалдаагаар өрсөлдүүлэн сонгоно. Энэхүү олон улсын жишгээр явбал Европын сэргээн босголт, хөгжлийн банк гэх мэт олон улсын байгууллагууд хувийн хэвшилд хоёр тэрбум ам.долларын санхүүжилтийг шууд олгоход бэлэн гэдгээ илэрхийлсэн. Эрчим хүчний яаманд одоогийн байдлаар 10 орчим компани материалаа хүргүүлсэн мэдээлэлтэй байна. Маргааш дуудлага худалдаа ил тод явагдана. 

Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн дараагийн асуудал нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Багануурын хүрэн нүүрсний уурхайг түшиглэн нүүрс пиролизийн (сайжруулсан түлш бэлтгэх) үйлдвэр байгуулах төсөл. Энэ хүрээнд "Эрдэнэс Монгол" нэгдэл болон Нийслэлийн ЗДТГ хамтарсан хуулийн этгээд байгуулах шийдвэрийг Засгийн газар дэмжсэн. 

Уг үйлдвэр нь нийт 140 гаруй сая ам.доллар буюу 483 тэрбум төгрөгийн өртөгтэй. Өвлийн оргил ачааллын үед жилд 600 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм. Төслийн бүтээн байгуулалтын хүрээнд 1400 гаруй ажлын байр шинээр бий болно. Энэ намрын дотор гүйцэтгэгчийг шалгаруулан гэрээ байгуулж, бүтээн байгуулалтыг эхлүүлснээр 2028 оны эхний хагаст үйлдвэрийн бүтээгдэхүүнийг ахуйн хэрэглээнд нийлүүлэхээр зорьж байна. 

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: 

-Байгаль орчны асуудлаар сүүлийн нэг сарын хугацаанд 12 аймгийн нутаг дэвсгэрт хөвчийн хүрэн баавгай суурьшлын бүс рүү орж ирсэн 240 гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Өнгөрсөн хоёр хоногт Улаанбаатар хотын бүсэд ч хоёр удаагийн дуудлага бүртгэгдсэн нь аюул, эрсдэл дагуулсан ноцтой үзэгдэл болоод байна. Энэ нь уур амьсгалын өөрчлөлт, гандуу хуурайшилт, ой тайгад самар, жимсний ургац муудсанаас үүдэлтэй идэш тэжээлийн хомстолтой шууд холбоотой. Зарим баавгайд хийсэн задлан шинжилгээгээр ходоодонд нь идэш тэжээл байхгүй, туранхай эцэнхий, шарх сорвитой, ихэвчлэн зулзаган баавгайнууд хөөгдөж гарч ирсэн нь тогтоогдсон. Монгол Улсын хэмжээнд 1980-аад оноос хойш буюу 40 орчим жил хүрэн баавгайн нэгдсэн тооллого хийгээгүй байна. Тухайн үед 1500 орчим бодгаль бүртгэгдэж байсан юм. Ирэх жил хүрэн баавгайн тооллогыг улсын хэмжээнд явуулахаар төлөвлөж байна.

Орон нутгийн байгаль орчны улсын байцаагч нарт тусгай зориулалтын багаж техник хомс, улаан гараараа шахуу ажиллаж байгаа учраас Засгийн газрын хуралдаанаар Засгийн газрын нөөц сангаас нэг тэрбум 88 сая төгрөг гаргахаар шийдвэрлэсэн. Энэ хөрөнгөөр ой бүхий 12 аймгийн Байгаль орчны газарт зориулан тусгай унтуулдаг сумтай 12 ширхэг буу худалдан авч нийлүүлэх (зах зээлийн болон гаалийн татвартай тооцоогоор нэг бүр нь 30-32 сая орчим төгрөг), байгаль хамгаалагчдыг зэвсэг хэрэглэх, мал эмнэлгийн мэргэжилтнүүдтэй хамтрах сургалтад хамруулах, үргээх зориулалтын тусгай цацлага, тоног төхөөрөмж худалдан авах, тусгай хамгаалалттай газар нутгуудад амьдаар нь барих тор бэлтгэх, байгаль хамгаалагчдын бензин шатахуун, томилолтын зардлыг шийдвэрлэх, идэш тэжээлгүй болсон бүс нутгуудад биотехникийн дэмжлэг (идэш тэжээл тавьж өгөх) арга хэмжээг хэрэгжүүлэх зэрэг ажлыг санхүүжүүлнэ.

Хүний амь насанд бодит аюул учирсан нөхцөлд хамгаалах үүднээс зарим орон нутагт тусгай квот олгосон бөгөөд Дархан-Уул аймагт 3 баавгай агнах зөвшөөрөл өгчээ. Цаашид холбогдох хууль эрх зүйн хүрээнд ангийн бусад амьтдын адил тусгай зориулалтаар агнах зөвшөөрөл олгох асуудлыг ч судлах санал Засгийн газрын хуралдаанаар гарсан байна. Энэхүү эрсдэлтэй нөхцөл байдал нь нэг сарын дараа баавгай ичих хүртэл үргэлжлэх тул худалдан авалтыг цаг алдалгүй түргэн шуурхай зохион байгуулах, ОБЕГ болон ХХЕГ-аас хүн хүчний дэмжлэг авах үүргийг өгч, 24 цагийн дуудлагын утсыг тасралтгүй ажиллуулахаар боллоо.

Газрын тосны хайгуулын судалгааны талбайд иргэдийн зүгээс хууль бус эсэргүүцэл гаргаж саад учруулсан нь хоёр улсын хамтын ажиллагаанд үл ойлголцол төрүүлэхэд хүргэсэн. Үүнд холбогдох хүмүүсийг хууль хяналтын байгууллагаас шалгаж байна. Үүнээс үүдэн нүүрсний борлуулалт, нийлүүлэлт 2-3 дахин буурах зэрэг сөрөг нөлөө гарсан тул Ерөнхий сайдын зүгээс Газрын тос боловсруулах үйлдвэрийн үндсэн бүтээгдэхүүний хайгуул, судалгааны ажил болон үйлдвэрийн үйл ажиллагааг Дотоодын цэргийн хамгаалалтад авах бэлтгэлийг дараагийн хуралдаанд танилцуулах чиглэлийг шинээр томилогдсон Хууль зүй, дотоод хэргийн сайдад өгсөн гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.