🔴Н.Алтаншагай: "30, 38" гэх хуваагдлыг улам талцуулах гэсэн нэг үл үзэгдэгч байна

AI хөрвүүлсэн
🔴Н.Алтаншагай: "30, 38" гэх хуваагдлыг улам талцуулах гэсэн нэг үл үзэгдэгч байна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын 20 гаруй гишүүнтэй тусгайлан уулзлаа. Энэ талаар УИХ-ын гишүүн А.Алтаншагай сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 

УИХ-ын гишүүн Н.Алтаншагай: 

-Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллээр цацагдаад байгаа Л.Энх-Амгалан сайд болон эмэгтэй гишүүдтэй холбоотой асуудлуудыг уулзалтаар ярилцсан. Л.Энх-Амгалан сайд өөрөө хэвлэлд мэдээлэл хийх байх. Тухайн мэдээлэлд залруулга гарга гэсэн хүрээнд л ярилаа.

Нийгэмд эмэгтэй гишүүд болон жагсаалтаар сонгогдсон гишүүдийг буруугаар ойлгуулахгүй байх шаардлага л тавьсан. Түүнээс биш хэн нэгэн сайдыг огцруулах, Ерөнхий сайдыг солих, Засгийн газартай холбоотой ямар ч асуудлыг МАН хөндөөгүй, цаашид ч хөндөхгүй.

Уулзалтад 7-8 гишүүн оролцсон. Ерөнхий сайд бөгөөд намын даргын хувьд эв нэгдлийг хангах үүрэгтэй хамгийн том албан тушаалтан тул эвийг эрхэмлэх, энэ үл ойлголцлыг яаралтай арилгах чиглэлээр санал солилцлоо. Л.Энх-Амгалан сайдын хувьд хуулийн байгууллагын процессыг харж, шалгуулна гэж байгаа бол эмэгтэй гишүүдийн зүгээс Хяналтын хороо, Ёс зүйн хороондоо яаралтай шийдвэрлэх ёстой гэсэн байр суурьтай байна. Сөрөг хүчин болох АН-ын гишүүд өнөөдөр байнгын хорооны хуралдаанд суусангүй.

Өмнө жилээс яригдаж эхэлсэн "30, 38" гэх хуваагдлыг эвлэрүүлэхгүй байх, дунд нь улам талцуулах гэсэн нэг үл үзэгдэгч байна гэж улс төрчийн хувьд хардаж байгаа.

Энэ нь нам дотор ч, гадна ч байж болно. Жил хүрэхгүй хугацааны өмнө МАН-ын 31 дүгээр Их хурал болж, намын удирдлагуудаа сонгосон. Миний хувьд намын дарга нь Ерөнхий сайд байх ёстой гэсэн зарчим дээр хатуу итгэл үнэмшилтэй байсан, тэр шаардлагаа ч тавьж ирсэн. Одоо МАН-д ухарч няцах зүйл байхгүй. Намын дарга бөгөөд Ерөнхий сайдыг 2027, 2028 оны маш том сонгуулиуд хүлээж байна. Мөн төсвийн тодотгол, 2027 оны төсвийн асуудлууд хэлэлцэгдэж байгаа энэ үед үүн дээрээ төвлөрч, маш нухацтай ажиллая гэсэн шийдэлд хүрсэн. МАН-д хоёр хуваагдчихаад нэг тал нь огцруулах гээд, нөгөө нь огцрохгүй гээд байгаа хагарал бутрал ерөөсөө байхгүй, цаашид ч гарахгүй гэдгээ бүгд илэрхийлсэн. Ямар нэг ойлголтын зөрүү байсныг ойлголцолд хүргэлээ гэж ойлгож байна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.