Uber компани зорчигчийн аминд хүрсэн хэргээр 40 сая долларын нөхөн төлбөр төлөхөөр болов
АНУ-ын Калифорни муж улсын Оранж тойргийн хурдны зам дээр зорчигчоо буулгаж, улмаар автомашинд мөргүүлж нас барахад хүргэсэн жолоочийн өмнөөс такси дуудлагын "Uber" компани хохирогчийн гэр бүлд 40 сая ам.долларын нөхөн төлбөр төлөх шийдвэрийг арбитрын шүүгч гаргалаа.
Харамсалтай явдал 2023 оны наймдугаар сарын 12-ны өдөр Калифорнийн улсын 73 дугаар чиглэлийн хурдны зам дээр гарчээ. Лос-Анжелес дахь Калифорнийн их сургуулийг (UCLA) төгссөн 23 настай Эмили Нормандин-Паркер найз Луна Мурын хамт оройн цэнгүүний дараа харихаар такси дуудсан байна. Зам зуур зорчигчдын бие тавгүйтэж, машин дотор бөөлжсөний улмаас жолооч Ву Тран тээврийн хэрэгслээ хурдны замын хөвөөнд зогсоон, согтууруулах ундаа хэрэглэсэн хоёр эмэгтэйг хүчээр буулгажээ.
Цэвэрлэгээний төлбөрийн асуудлаас болж маргаан үүсэх явцад Эмили Нормандин-Паркер хурдны замын зорчих хэсэг рүү орж, өөдөөс ирж явсан өөр автомашинд дайруулан газар дээрээ амиа алдсан байна.
Хохирогчийн ар гэрийн өмгөөлөгчдийн мэдээлснээр жолооч аюултай бүсэд хоцорсон зорчигчдод тусламж дуудах 911 утсанд огт холбогдоогүй бөгөөд хэргийн газраас шууд явж, машины цэвэрлэгээний зардлаа нэхэмжлэхээр "Uber"-ийн хэрэглэгчийн дэмжлэгийн албанд ханджээ.
Калифорни муж улсын Дээд шүүхийн тэтгэвэрт гарсан шүүгч Ричард А. Стоун таван өдөр үргэлжилсэн арбитрын хурлын дараа уг нөхөн төлбөрийг талийгаачийн эцэг эхэд олгохоор тогтоов. Шүүгч дүгнэлтдээ жолооч зорчигчдынхоо аюулгүй байдлаас илүү шинэ автомашиндаа санаа зовсон төдийгүй эмэгтэйчүүдийг хурдны замаас гарган аюулгүй байршилд буулгах бүрэн боломжтой байсныг тэмдэглэжээ.
Жолооч нарыг "бие даасан гэрээлэгч" хэмээн компанийг хариуцлагаас чөлөөлөх хуулийн хамгаалалтыг няцааж, уг платформыг нийтийн тээвэрлэгч тул жолоочийн хайхрамжгүй үйлдлийн өмнөөс бүрэн хариуцлага хүлээнэ гэж үзсэн байна.
Уг шийдвэр гарсны дараа "Uber" компани маргааныг нууцын гэрээгээр хаалттай үлдээхийг оролдсон боловч хохирогчийн ар гэрийнхэн эсэргүүцсэнээр арбитрын баримтууд Оранж тойргийн Дээд шүүхэд нийтэд ил болжээ. Компанийн зүгээс арбитрч хуулийг буруу тайлбарлаж хариуцлага хүлээлгэсэн гэж мэдэгдсээр байгаа ч энэхүү шийдвэр нь цахим үйлчилгээний платформуудын хариуцлагын асуудалд томоохон жишиг болж байна.
Эх сурвалж:
•
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.