- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Намрын налгар өдрийн тоо цөөрч, хахир өвлийн хүйт наашилж байна. Таван жилийн өмнө УИХ-ын нэгэн гишүүний “…Өвөл болж, хүйтэн болно” гэсэн шиг Засгийн газрын зургаан сайд ирэх өвөл, хаврын хэдэн сард хамгийн их ажилтай байж “зутрах” шинжтэй. Тиймээс тэд өвлийн бэлтгэлээ базаах шаардлагатай. Бас хажуугаар нь нийгмийн сүлжээ, нийтийн шүүмжлэлд нүдүүлэхдээ ч бэлдэх хэрэгтэй. Учир нь урьдынхаар байгал цаг уур хатуурах, цас зудын сурагтай байна.
Бас дээрээс нь дүн өвлөөр хотын утаа, түгжрэл гаарч, тог цахилгаан, бензин шатахуун тасарч болзошгүй мэдээлэл байна.
Шадар сайд С.Амарсайхан онцгой байдлын асуудал хариуцдаг. Цас зуд, байгалийн гамшиг, ер нь өвөл хаврын хүндрэлд энэ хүн шиг ажилтай хүн ховор. Тэгэхээр улсын нөөцийн өвс, тэжээлээс эхлээд, цас зудны үед ажиллах техник хэрэгсэл гээд бэлдэх зүйл их. За тэгээд, халдварт өвчин, бас бус байгалийн давагдалгүй хүчин зүйл тохиолдвол хийх ажил, үүрэх хариуцлага нь улам нэмэгдэнэ.
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр хэр зэрэг өвөлжилтийн бэлтгэл хангахаас ерөнхийдөө монголчуудын өвлийн өнгө тодорхойлогдоно. Намрын ургац хураалт одоо ид явж байна. Малчид хадлан бордоогоо ч авч байгаа. Гол нь Ж.Энхбаяр сайд бэлчээрийн даацын хуваарилалт, отрын бүс нутгийн худаг усны хангамж, нөөцийн мах бэлтгэл, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ гээд түмэн ажлын бэлтгэл хангах үүрэгтэй хүн байгаа юм.
Түгжрэлийн сайд Р.Эрдэнэбүрэн бол байж байж улс төрд буцаж орж ирээд ойрд шийдэгдэхээргүй хэцүү асуудлыг хариуцдаг болсон. Түгжрэл арилах төгс гарц гаргалгаа одоохондоо байхгүй учраас “Улаанбаатарын мөнхийн зовлон” хэвээр байна. Ирэх өвөл, хавар ч үргэлжилнэ гэсэн үг. Гэхдээ тэрбээр Барилгын яамны Төрийн нарийнаар ажиллаж байгаад “бяцхан” асуудал орсон учраас баргийн хэл ам, шүүмжийг даваад гарах тэнхээ суучихсан. Тэгээд бас Р.Эрдэнэбүрэн зүгээр нэг албан тушаалд дуртай хоосон толгой биш л дээ. Тун удахгүй түгжрэлийг аргадсан хөөрхөн хөөрхөн санаа гаргаад, түүгээрээ өвөлжөөд хаваржчихаж мэдэл л улстөрч байгаа юм.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа бас л Улаанбаатар хотын мөнхийн зовлон болсон утаатай холбогдоно. Арайхийж намжиж байгаа шонхрын асуудлыг залгаад утааны улирал хаяанд ирсэн байна. Хэдийгээр утааны асуудлыг Улаанбаатарын удирдлагуудтай хувааж шийддэг ч гол бодлого нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагаас гарах ёстой. Тэр тааруухан менежмент хийвэл түүнийхээ дүнг тавиулна. Ядахад Улаанбаатарын утааг багасгаад байсан шахмал түлш сүүлдээ шахааны бизнес болчихсон. “Тавантолгой түлш” ХХК гэж утааг арилгах байтугай улсын сан хөмрөгийг цөлмөдөг газар болсон байна. Тэр утгаараа С.Одонтуяа сайдын хамгийн түрүүнд анхаарах “обьект” нь энэ болж байгаа юм. Тэгэхгүй бол утаа, түлш хоёроос болоод гурван жилийн өмнө Байгаль орчны сайд огцорч байсан удаатай.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанд ирэх өвөл, хаврын хүйтэнд бүтэн нойртой хонох өдөр ховор байхыг үгүйсгэхгүй. Тэр нь уул уурхайн том том төслүүд биш хоёр хөршөөс оруулж ирдэг бензин шатахууны асуудалтай холбоотой. Үндсэндээ дүн өвлийн хүйтнээр шатахуун тасарч, улсаараа явгарвал Ц.Туваан сайд буруудна. Хэд хоногийн өмнө Оростой гарын үсэг зурсандаа найдаад сууж байгаа бол “…Гэнэн байна даа” л гэмээр байна. Яг үнэндээ урд өмнөх Уул уурхайн сайд нар бараг хувиараа, танил талаа ашиглаж байж бензин шатахуун тасалчихалгүй өнжиж ирсэн түүхтэй юм.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ирэх өвөл, хавартаа дахиад л зүдэрч өнжинө. Оросын тал “унтраалга” дарах магдалал өндөр. Элдэв мэдээлэлд чих тавих нээ, ирэх өвөл хавраар монголчууд бидний лаа барих өдөр олон л байжмэдэхээрбайж мэдэхээр байна. Гэхдээ мань эр өөрөө догь. Компани ажиллуулж, бизнес хийсээр хал үзэж халуун чулуу атгаад үзчихсэн. Тэр утгаараа барагтай балрахадаа мэгшиж уйлаад мэгдэж сандраад байдаггүй хүн. Ямар сайндаа л “…Өвөл хэцүүдлээ шүү дээ” гэхэд “...Аргална даа” гэж байхав дээ. Ядаж байхад утаа ч бас Эрчим хүчний сайдад хамаатай. Утааны асуудлаар тулгаад асуухаар “...Салхи бага учраас утаа суугаад байна” гэчихнэ. Ер нь л янзын эр… Гэхдээ Б.Чойжилсүрэнд найдаж болох ганц суваг бий. Тэр нь олон жил Оростой худалдаа хийсэн туршлагатай хэл амаа ололцоно. Хэрвээ түүнийг сайд байхад тог тасарвал “…Монголын арга мухарджээ” л гэсэн үг.
Ирэх өвөл, хаварт зуд болохгүй “зутрах” нь тодорхой ийм зургаан сайд байна. Тэд өвөлдөө бэлэн үү. Бас чимхүүлж шүүмжлүүлэхдээ бэлдсэн үү.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 10. МЯГМАР ГАРАГ. № 175 (7419)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.