Н.Номтойбаяр: Ерөнхий сайд Н.Учрал өөрийн хамаарал бүхий сургуульдаа 3.5 тэрбум төгрөг авъя гээд явж байх хүн биш

AI хөрвүүлсэн
Н.Номтойбаяр: Ерөнхий сайд Н.Учрал өөрийн хамаарал бүхий сургуульдаа 3.5 тэрбум төгрөг авъя гээд явж байх хүн биш

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр цаг үеийн болон төсөв, улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл өглөө.

Шадар сайд Н.Номтойбаяр: 

-УИХ дахь хүчний өмнө хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулж буй бүлгийн гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байна. Тэд хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд улс төрөө хийж байна. Энэ шаардлагыг хүлээж авах эсэх нь эрх барьж буй Монгол Ардын намын дарга бөгөөд Ерөнхий сайдын шийдэх асуудал. Миний хувьд Засгийн газрын гишүүн тул танхимаа хуулийн дагуу болон улс төрийн хувьд хамгаалах үүрэгтэй. Улс төрд ийм үйл явц байдаг л зүйл тул үүнээс айж цочирдоод байх шаардлагагүй. 

Өнгөрсөн оны төсвийг батлахдаа мөнгөний эх үүсвэрийг бодитоор баталгаажуулж тодорхойлоогүй байсан. Тэр үед ч би шүүмжлэлтэй хандаж байсан гишүүдийн нэг. Өнөөдрийн бодит байдал дээр манай Засгийн газар өмнөх үлдээсэн асуудлуудыг засаж, цэвэрлэх ажлыг л хийж байна. 

УИХ-ын гишүүд хаана ч уулзалт зохион байгуулах боломжтой. Залуу гишүүд шинжлэх ухаан, тооцоо судалгаанд суурилсан танилцуулга хийснийг анхааралтай сонссон. Хэвлэлээр бичээд байгаа шиг Засгийн газрыг огцруулах асуудал тэнд огт яригдаагүй, тийм худал зүйл байхгүй. Засгийн газрын гишүүд өөрсдөө тэнд оччихоод, өөрсдийгөө огцруулъя гэж яриад сууж байх ямар ч логик байхгүй. 

Би хар багаасаа л Ардын намтай сэтгэл зүрх, ажил хэргээрээ холбогдож, тус намын дэргэдэх залуучуудын байгууллагын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Миний өнгөрсөн 17-18 жилийн улс төрийн амьдрал МАН-тай салшгүй холбоотой. Үүнийг салгаж, жүжиг тавих шаардлагагүй. Зөв зүйлийг нь дэмжиж, бурууг нь шүүмжилсээр ирсэн. Энэ хугацаанд намаасаа гурван удаа хөөгдсөн ч миний зарчим огт өөрчлөгдөөгүй. Би эргэж намд оръё гэж цагаан байрны гадаа хадаг бариад очоогүй. Гэхдээ 2024 оны сонгуулиас хойш эрх бүхий албан тушаалтан, нөлөө бүхий улс төрчид энэ асуудлыг ярьж байгаа нь үнэн. Хэрэв албан ёсны санал тавибал эргэж харах шаардлага гарна. Гэхдээ би ганцаараа дур мэдэн шийдвэр гаргах эрхгүй. Надад итгэж саналаа өгсөн олон мянган дэмжигчид, мөн хамт сонгогдсон УИХ-ын гишүүд байгаа учраас энэ нь хувь хүний гаргах шийдвэр биш.  

Ерөнхий сайдын хамаарал бүхий сургуультай холбоотой 3.5 тэрбумын асуудал үүсэж, янз бүр мэдээлэл явж байна. Тэр мөнгийг өөрийн сургуульдаа авахаар анхнаасаа захиалж оруулсан гэх ямар ч нотлох баримт байхгүй. Үүнд ялгаа заагтай хандах хэрэгтэй. Би Шадар сайд гэдгээрээ өмгөөлөөд байгаа юм биш, нотлох баримтаар л ярих ёстой. 

Нөгөө талдаа Өргөдлийн байнгын хороон дээр 50 тэрбум төгрөгийн төсөвт багтсан 9.8 тэрбум төгрөгийг хувийн сургуулиудад хувьсах зардал нэрээр олгохоор тусгасан ажлын хэсгийн тооцоо судалгаа ирсэн нь хөдөлшгүй үнэн. УИХ-ын гишүүд төсвийн задаргааг шаардаж, дотор нь юу байгааг нягтлан үзэх нь тэдний хийх ёстой үндсэн ажил. Битүү хайрцагтай зүйлийг шууд дэмжих боломжгүй. Гэтэл Боловсролын сайд П.Энх-Амгалан өнөөдөр буруу зүйл ярьчихлаа. Тэрбээр Засгийн газрын сайдын хувиар ярьж байгаа бол хариуцлагатай хандах, харин УИХ-ын гишүүний хувиар улс төрийн байр сууриа илэрхийлж байгаа бол үүнийгээ салгаж зааглах хэрэгтэй. Бүхнийг хутгаж, бусдыгаа эвгүй байдалд оруулж болохгүй. 

Энэ хариуцлагагүй явдлаас болж хамтарсан Засгийн газрын, тэр дундаа тэргүүлж буй Ерөнхий сайдын нэр хүнд сэвтэж, хардагдаж байгаад харамсаж байна. Тиймээс энэ асуудлыг заавал шалгаж тогтоож, буруутай эзнийг нь олж хариуцлага тооцох ёстой гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.