Монгол, Оросын ААН, бизнесийн байгууллагын шууд харилцааг өргөжүүлнэ

Монгол, Оросын ААН, бизнесийн байгууллагын шууд харилцааг өргөжүүлнэ
Монгол Улс, Оросын Холбооны Улсын бүс нутаг хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, тээвэр, логистик, хил орчмын хамтын ажиллагааны чиглэлээр харилцан ашигтай төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой “Монгол-Оросын бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалт” 2026 оны есдүгээр сарын 14-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна.
a0b963f4d8e349828dfbf45a1799059d
Чуулга уулзалтад Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат нар болон Монгол, Оросын төрийн болон орон нутгийн байгууллага, худалдаа, аж үйлдвэрийн танхим, бизнесийн холбоо, аж ахуйн нэгжийн 400 гаруй төлөөлөгч оролцож байна. ОХУ-ын төлөөлөгчдийг ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, Евразийн эдийн засгийн комиссын Зөвлөлийн гишүүн Алексей Оверчук ахалж байна.
 
Бүс нутгийн хамтын ажиллагааг эдийн засгийн бодит боломжтой уялдуулна 
 
Энэ удаагийн чуулга уулзалтын хүрээнд хоёр улсын бүс нутаг хоорондын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг хэлэлцэх нэгдсэн болон салбар хуралдаан, бизнесийн уулзалт, хоёр талт уулзалт, үзэсгэлэн зэрэг арга хэмжээг зохион байгуулж байна.
 
Өнөөдөр 2026.09.14/:
-“Тээврийн холболт, хил орчмын хамтын ажиллагаа: Евразийн коридорыг хөгжүүлэхэд Монгол, Оросын бүс нутгийн гүйцэтгэх үүрэг” сэдэвт салбар хуралдаан;
-“Монгол, Оросын бүс нутгуудын спортын салбарын хамтын ажиллагаа” сэдэвт салбар хуралдаан;
-Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын Худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд байгуулагдсан Хамтарсан хорооны анхдугаар хуралдаан;
-Бизнесийн төлөөллийг холбоо тогтоох уулзалт (B2B);
-Монгол, Оросын бүс нутгийн аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэн;
-Монгол, Оросын бүс нутгийн төлөөлөгчдийн хоёр талт уулзалт, хэлэлцээ зэрэг арга хэмжээ зохион байгуулагдаж байна.
 
Мөн Монгол, Оросын хамтын ажиллагааны үндэсний бизнесийн зөвлөлүүдийн хамтарсан өргөтгөсөн хуралдаан, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаа, аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд комиссын 18 дугаар хуралдаан, чуулга уулзалтын нэгдсэн хуралдааныг зохион байгуулна.
 
Бизнес, бүс нутаг хоорондын шууд харилцааг өргөжүүлнэ 
 
Чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулж буй B2B уулзалт, бүс нутгийн төлөөлөгчдийн хоёр талт уулзалт, аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэн нь Монгол, Оросын аж ахуйн нэгж, бизнесийн байгууллага болон орон нутгийн төлөөлөгчдийн шууд харилцааг өргөжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны шинэ боломжийг тодорхойлоход чиглэж байна.
 
Түүнчлэн чуулга уулзалтаар тээвэр, хил орчмын хамтын ажиллагаа, спорт, аялал жуулчлал болон бүс нутгийн эдийн засгийн харилцааны бусад чиглэлээр санал солилцож, хоёр улсын бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Тус чуулга уулзалт хоёр өдрийн турш үргэлжилнэ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.